Албан журмаар даатгуулсан жолоочид “УРАМШУУЛАЛ” олгож болохгүй юу?

Албан журмаар даатгуулсан жолоочид “УРАМШУУЛАЛ” олгож болохгүй юу?
2019-05-03 No Comments Мэдээ, мэдээлэл admin

Үүнд:

–      Нийгмийн даатгал ба түүний доторх 5 төрлийн даатгал /1994 оноос эхлэн хэрэгжсэн/

  1. Тэтгэвриин даатгал
  2. Тэтгэмжийн даатгал
  3. Эрүүл мэндийн даатгал /2015 оноос шинэчилсэн найруулга/
  4. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
  5. Ажилгүйдлийн даатгал

–       Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгал /2013 оноос хэрэгжсэн/

–   Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал /2012 оноос хэрэгжсэн/

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал бол өргөн цар хүрээтэй, олон нийтийг хамарсан даатгал бөгөөд тээврийн хэрэгсэл өмчлөгч нь жил бүр даатгал хийлгэх үүрэгтэй.

2012 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн дагуу авто тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа хэн бүхэн жил бүр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд заавал хамрагдаж байж замын хөдөлгөөнд оролцох эрх нь үүсдэг болсон. Ингэхдээ тухайн эзэмшиж байгаа тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалан 12,500-53,000 төгрөгийн суурь хураамжаас тооцсон даатгалын хураамж төлөх үүрэг хүлээдэг.

Өнөөдөр жолоочийн хариуцлагын албан журмын даатгал эрхлэх зөвшөөрөл авсан 15 даатгалын компани жолоочийн даатгалын үйлчилгээ эрхэлж байна. Тэд өнгөрсөн 2018 онд 655,545 жолоочтой даатгалын гэрээ байгуулж, 31,569,681,364 төгрөгийн даатгалын хураамжийн орлого хуримтлуулсан байна. Даатгуулагчдын 530,350 нь хувь хүн; 166.418 хуулийн этгээд байна. Даатгуулагчийн тоо болон хураамж төлөлтийн хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 8,23%-иар өсчээ.

Жолооч нарыг хариуцлагын даатгалд албан журмаар хамруулах нь төрийн бодлогын хүрээнд хуулийн дагуу хийгддэг. Гэтэл үүнийг хэрэгжүүлэгч нь арилжааны даатгалын 15 компани гүйцэтгэж байна.

Өнөөгийн хуулийн зохицуулалтаар жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс хураамж авч даатгалын компаниудыг хөрөнгөжүүлэх агуулгатай хэрэгжиж ирсэн байна.

Харин энэ хуулийг өөрчлөх шаардлагатай болсныг мэргэжлийнхэн хүлээн зөвшөөрч байна. Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн “9. Санхүү, эдийн засаг, татвар, банк, даатгалын чиглэлээр” хэсгийн 80-д “Даатгалын салбарын өнөөгийн байдал, хөгжлийн хандлага, зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн уг зах зээлд гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, даатгалын нэр төрөл, бүтээгдэхүүний ангилал, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгах” замаар Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, мөн хэсгийн 81-д “Улсын Их Хурлаас 2011 онд баталсан Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд үндэслэн энэ төрлийн даатгалын зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах, даатгуулагчийн хариуцлагыг сайжруулах” зорилгоор Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тус тус боловсруулахаар тусгагдсан. Тиймээс одоо мөрдөгдөж байгаа “Жолоочийн даатгалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаад нэг жилийн хугацаа өнгөрч байна.

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам хамтарсан ажлын хэсэг байгуулж хэд хэдэн удаа хуралдсан ч өнгөрөгч оны 6 дугаар сараас хойш хуралдаагүй байна. Үүнээс харахад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад даатгуулагчид буюу жолооч нар болон даатгагчид буюу даатгалын компаниудын эрх ашгийн зөрчил өндөр байгааг илтгэж байна.

Төрийн аливаа бодлого, хууль, тогтоомж иргэдийн эрх ашгийг аливаа эрсдэл, зөрчлөөс хамгаалж байх ёстой.

Жишээлбэл;

2018 онд Жолоочийн албан журмын даатгалд хамрагдсан 655,545 даатгуулагчдаас 27,932 жолооч зам тээврийн осол гаргаж, тэдгээрийн хохирогчдод 16,865,988,466 төгрөгийн нөхөн төлбөр олгожээ. Энэ нь нийт даатгуулагчдын 4-4,5% болж байгаа юм. Тэгвэл үлдсэн 630.763 даатгуулагч буюу 96% нь даатгалын тохиолдол гаргаагүй бөгөөд албан журмаар даатгуулсныхаа үр шимийг ямар нэг байдлаар хүртээгүй гэсэн үг. Энэ байдал 8 дахь жилдээ үргэлжилж байна.

Гэтэл Нийгмийн даатгалын 5 төрлийн даатгалууд нь даатгуулсан хүн бүр албан журмаар даатгуулсныхаа үр шим, урамшууллыг авах боломжууд нээлттэй байдаг.

Жишээлбэл,

  • Тэтгэврийн даатгалд даатгуулбал өндөр насны тэтгэвэрт гараад сар бүр тэтгэвэр авна.
  • Ажилгүйдлийн даатгалд даатгуулсан хүн ажлаасаа халагдсан болон өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол тодорхой хугацаанд ажилгүйдлийн тэтгэмж авна.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан 3 жил эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээний зардал гаргуулаагүй даатгуулагчийг эрүүл мэндийн  үзлэгт нэг удаа хамруулж, 2,0 сая төгрөг хүртэл зардал гаргана.

Эдгээрийг даатгуулагч иргэдэд хүргэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар зэрэг  бие даасан байгууллага хэрэгжүүлдэг.

Харин 650 гаруй мянган иргэн жолоочийн хариуцлагын даатгалд жил бүр даатгуулж, 96 хувь нь осол, гэмтэл гаргаагүй, хариуцлагатай байсныхаа төлөө ямар ч урамшуулал авдаггүй байна.

Яагаад?

Албан журмын даатгалын үйлчилгээг арилжааны даатгалын 15 компани эрхэлж байгаад хамаг учир нь байдаг бололтой. Тэд бол ашгийн байгууллага. Тиймээс жолооч нар энэ даатгалын үйлчилгээ, үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байдаг.

Иймээс хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хариуцлагатай даатгуулагч болох нийт даатгуулсан жолооч нарын 96%-д нь автомашинаа үзлэг оношилгоонд хамруулах, засвар үйлчилгээ хийлгэх зэрэгт тодорхой хөнгөлөлт үзүүлэх, дараа жилийн даатгалд төлөх хураамжаас тодорхой хувиар чөлөөлөх зэргийг хуульд оруулах шаардлагатай байна.

Өнөөдөр замын хөдөлгөөнд оролцож байгаа бүх автомашинуудын оношилгооны төлбөрт  жилд 11,7 тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Энэ төлбөрөөс тодорхой хэмжээгээр чөлөөлөх, хөнгөлөх боломжууд бий. Ингэж албан журмын даатгалын өгөөжийг хэсэг бүлэг хүмүүс биш,тээврийн хэрэгсэл эзэмшигчид нь хүртдэг болох хэрэгтэй.

Тиймээс жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа одоогийн зохион байгуулалтыг хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зохицуулах шаардлагатай байна.

Даатгуулагчдын хариуцлагыг өндөржүүлж, оролцоог сайжруулж өөрийгөө зохицуулах байгууллагын хэлбэрт шилжүүлж болно. Энэ даатгалын хувьд төрөөс ямар я зардал гаргах шаардлагагүй, зөвхөн хуулиа гаргаж, хяналт тавиад явахад боломжтой хэмжээнд туршлага сууж бэхэжсэн байна.

Монгол улсад хэрэгжиж байгаа хуулиа харвал даатгагч, даатгуулагчийн аль алиных нь эрх ашгийг бид анхаарч үзэх ёстой. Гэтэл өнөөдөр арилжааны даатгалын компаниуд энэ бүтээгдэхүүнийг эрхлэхдээ зөвхөн өөрт төвлөрүүлэх орлогыг илүүтэй анхаарч байна.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд төвлөрүүлсэн хураамжийн орлого 31 гаруй тэрбум. Түүнээс 16 тэрбум төгрөгийг нийт даатгуулагчдын 4 хувийг эзлэх хариуцлагагүй, болгоомжгүй жолооч нарын бусдад учруулсан хохирлын нөхөн төлбөрт  олгож, үлдсэн 15 тэрбум төгрөг даатгалын компаниудад сул үлдэж байгаа юм. Үүнээс зуучлагчид болон үйл ажиллагааны зардалд тодорхой хэсэг нь зарцуулагдах нь мэдээж.

Жолоочийн даатгалын тухай хууль хэрэгжсэн 7 жилийн хугацаанд нийт 160 гаруй тэрбум төгрөгийн даатгалын хураамж төвлөрүүлсэн байна. Үүнээс энэ хугацаанд зам тээврийн ослын хохирогч нарт 85 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон байна.

Даатгагчид зам тээврийн осол болоход хуульд заасан нөхөн төлбөрийг хүндрэл чирэгдэл, цаг хугацаа шаардсан байдлаар олгочихоод, хувиасаа буян үйлдсэн мэт ярьж, сэтгэл амрах байдалтай байна. Албан журмын даатгалд заавал анхааралд байх  ёстой зүйл бол даатгуулагчдын эрх ашиг юм. Жолоочийн даатгалын тухай хуульд даатгуулагчдын эрх ашгийг орхигдуулсныг даатгалын компаниуд өөрт ашигтай байдлаар ашиглаж байна.Үүнийг улстөрчид анхаарахгүй байна гэж үү.

Даатгалын компаниуд Жолоочийн даатгалын тухай хуулийг нэг мөр бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа нь нөхөн төлбөрийн мэдээлэлд хийсэн шалгалтаас харагдаж байна. Үүний нэг жишээ нь өнгөрсөн онд зам тээврийг осол гаргасан 7000 гаруй даатгуулагчийн хохирогчид  даатгалын нөхөн төлбөр аваагүй байх магадлалтай, мөн зам тээврийн ослоос 572 хүн нас барсан тоог замын цагдаагийн тайланд тусгасан байхад даатгалаас нөхөн төлбөр олгосон нь дөнгөж 10 орчим хувь байгаа нь арилжааны даатгалын компаниуд хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгааг харуулж байна.

Мэдээж арилжааны даатгалын компаниудын үйл ажиллагаа ашгийн төлөө байна гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Монголын төр албан журмын даатгалыг хэрэгжүүлэх хууль гаргахдаа  нэг хэсэг цөөхөн хүний ашиг олох хэрэгсэл болгох гэж зориогүй.

Энэ даатгалыг хэрэгжүүлсэн төрийн бодлого нь нийгмийг илүү хариуцлагажуулах, зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарын хариуцлагыг өндөржүүлэх явдал байсан. Гэтэл албан журмын даатгал хамрагдсан бүх хүнд үйлчлэх зарчим яагаад орхигдов.

Харин өнөөдөр энэ хуулийн хамрах хүрээ хийгээд зохицуулах зүйл заалтыг нэмж, өөрчлөх зайлшгүй шаардлага урган гараад байна. Тиймээс хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийнхэн нягт хамтран ажиллаж, даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах, даатгагчдын үйлчилгээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй болгох нэн шаардлагатай байхад ажил зогсонги байгаа учир юунд байна вэ?

Хуулийн нэрээс нь эхлээд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Жишээлбэл, “Жолоочийн даатгалын тухай” гэснийг “Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай” гэж өөрчлөх.

Учир нь тус хуулийн 5.1-т хариуцлагын даатгалд даатгуулах этгээдийг тодорхойлохдоо “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна” гэж заасан. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч л даатгалд хамрагдах ёстой гэсэн ойлголт биш гэдгийг олон улсын туршлага, манайд хэрэгжүүлж байгаа даатгалын үйл ажиллагаанаас ч харагдаж байна.

Хуульд нэмэлт, өөрчлөлт яаралтай оруулахгүй бол жолоочийн хариуцлагын албан журмын  даатгал нь төрийн хуулиар далайлгаж, даатгал нэрээр хэсэг цөөнх ашиг орлогоо нэмэгдүүлэх хэрэгсэл болж улам даамжрах хандлагатай болсон байна.  

Иймд Санхүүгийн зохицуулах хороо болон, Сангийн яамнаас хамтарсан хуулийн төслийн ажлын хэсгийг нэн түрүүнд хуралдуулж, даатгуулагч болон даатгагчдын эрх ашгийг хамгаалах, албан журмын даатгалын үйл ажиллагааг зөв зохион байгуулалттай болгох шаардлагатай байна.

Цаашид энэ сэдвээр баримтад түшиглэн бичих болно.

Ц.Соёлмаа

About The Author

Жолоочийн хариуцлагын даатгалаар 2024 оны эхний 9 сард 26.8 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.                                                                                                                                                                                                 Та Жолоочийн хариуцлагын Албан Журмын даатгалын гэрээний мэдээллээ SMARTCAR, EBARIMT, E-MONGOLIA, AUTO BOX-с шалгах боломжтой.                                                                                      Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулаагүй тээврийн хэрэгслийг ирэх 12 дугаар сарын 1-ний өдрөөс замын хөдөлгөөнд оролцуулахгүй.