Даатгал, оношилгоонд хамрагдаагүй, татвар, торгуулиа төлөөгүй автомашиныг ирэх 12 дугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй
Даатгал, оношилгоонд хамрагдаагүй, татвар, торгуулиа төлөөгүй автомашиныг ирэх 12 дугаар сарын 1-нээс хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар импортоор орж ирэх автомашинд улсын дугаар шинээр олгохдоо таван шалгуур үзүүлэлтийг тавьсан Захирамжийг гаргасан юм. 2024 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих уг Захирамжид
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлд бүртгэлтэй хуулийн этгээд байх:
- Өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7 дугаар зүйл дэх зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх, мөн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулсан байх;
- Тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “ Евро-4” эсвэл түүнтэй дүйцэхүйц буюу түүнээс дээш байх;
- Сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл байх;
- Экспортын өмнөх техникийн хяналтын үзлэгт орсон байх зэрэг таван шалгуурыг тавьсан байдаг.
Захирамжийн даатгалын шалгууртай холбоотой Жолоочийн даатгалын эрх зүйн зохицуулалт, даатгалын зорилго, ач холбогдол, хүлээлгэх хариуцлагын талаарх мэдээллийг дараах байдлаар хүргэж байна.
- Жолоочийн даатгалын хуулийн зорилго, ач холбогдол
Жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах нь жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдол юм.
- Жолоочийн хариуцлагын даатгалд хэн хамрагдах вэ?
- Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр
- Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч
- Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөс үл хамаараад мэргэшсэн жолооч болон С, D ангиллын жолооч нар заавал даатгуулна.
- Жолоочийн даатгалын хураамжийг хэрхэн тооцдог вэ?
Даатгалын хураамж нь тухайн тээврийн хэрэгслийн ангилал, зориулалт, даац, суудлын тоо, газарзүйн байршил мөн автомашин өмчлөгч, үндсэн даатгуулагч болон хамтран даатгуулагч, жолоочийн жолоо барьсан туршлага, нөхөн төлбөр авсан түүх зэргээс хамааран бодогддог бөгөөд даатгалын компани бүрт ижил байдаг.
Эх сурвалж: https://ubn.mn/