Албан журмын даатгагчдын холбооны мэдээллийн нэгдсэн сангийн 2026 оны 1 дүгээр сарын Жолоочийн хариуцлагын даатгалын хамрагдалт, олгосон нөхөн төлбөрийн талаар тус холбооны Өгөгдлийн шинжээч Б.Найсүмхандаас тодрууллаа.
Оны эхний нэг сарын байдлаар даатгалын мэдээллийн нэгдсэн санд Жолоочийн хариуцлагын даатгалын хичнээн гэрээ бүртгэгдээд байна вэ?
Он гарсаар нийт 77,256 гэрээ шинээр бүртгэгдэж, 5,9 тэрбум төгрөгийн хураамж төвлөрсөн. Хураамжийн дундаж дүн 76,810 төгрөг байна. Нийт гэрээний 51 мянга нь хувь хүнтэй, 26 мянга нь хуулийн этгээд буюу албан байгууллагатай байгуулсан гэрээ юм. Мөн нийт гэрээний 33,722 нь жолоочийн тоог хязгаарласан байгаа бол 43,536 нь жолоочийн тоог хязгаарлаагүй гэрээ байна. Өмнө нь жолоочийн тоог хязгаарласан 84 гэрээнд өөрчлөлт орж жолоочийн тоог нэмсэн байна.
Нэгдүгээр сард МИГ, Улаанбаатар хотын даатгал, Ард, Мөнх, Практикал даатгал зэрэг компаниуд дээр хамгийн их гэрээ байгуулагдсан байгаа бол зуучлагч компианудаар дамжуулж 32 мянган гэрээ хийгдэж, 2,2 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрсөн.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолоочийн хариуцлагын даатгалын гэрээний тоо 13 хувиар өссөн нь энэ төрлийн даатгалын хамрагдалт нэмэгдэж байгааг харуулж байна.
Гэрээг газар зүйн байдлаар авч үзвэл хүн амын нягтаршилтай холбоотойгоор нийслэл Улаанбаатар хотод хамгийн их буюу 49 мянган гэрээ хийгдсэн.
Ер нь даатгуулагчдын нас, туршлагын хувьд ямар байдаг вэ?
Насны хувьд нийт даатгуулагчийн 48 хувь нь 29-48 насныхан бүртгэгдсэн байна. Туршлагын хувьд 10-15 жилийн жолоо барьсан туршлагатай байгааг харж болно.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн ба түр хугацаагаар орж ирсэн тээврийн хэрэгсэл Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдах ёстой. Он гарсаар энэ төрлийн гэрээний тоо хэд болсон бэ?
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрч байгаа болон түр хугацаагаар манай улс руу орж ирсэн тээврийн хэрэгслийн 734 гэрээ байгуулагдаж , 110 сая төг хураамжийн орлого бүрдүүлсэн тоо байна. Хилийн боомтоор авч үзвэл Алтанбулаг боомтод 572 гэрээ бүртгэгдэж, хийгдсэн. Улс орноор ангилбал ОХУ-аас 488, Беларусь улсаас 155, БНХАУ-аас 10 тээврийн хэрэгсэл манай улсын нутаг дэвсгэрээр нэвтэрч, дамжин өнгөрчээ.
Та бүхэн хүчинтэй гэрээ дуусахаас өмнө 30 хоногт гэрээгээ шинэчлэн буюу сунгах зохицуулалтыг нэвтрүүлсэн. Энэ үйлчилгээг даатгуулагч нар хэр ашиглаж байна вэ?
Иргэд, даатгуулагч маань гэрээний хүчинтэй хугацаа дууссан эсэхээ нягтлаагүй замын хөдөлгөөнд оролцсоноос болж тодорхой эрсдэл учрах тохиолдол гардаг. Тиймээс заавал гэрээний хугацаа дууссан үед шинээр гэрээ байгуулах бус хүчинтэй хугацаа дуусахаас өмнөх 30 хоногийн дотор шинээр гэрээгээ байгуулах боломжийг бий болгож өгсөн. Энэ өөрчлөлттэй хобоотойгоор оны эхний нэг сарын байдлаар 6 мянган гэрээг урьдчилж хийсэн. Энэ тоо цаашид нэмэгдэнэ гэж харж байгаа.
Гэрээний нөгөө талд нөхөн төлбөрийн асуудал яригдана. Нөхөн төлбөр олголт нэгдүгээр сард ямар хэмжээнд байсан бэ?
Тухайн хугацаанд нийт 2,671 даатгалын тохиолдол бүртгэгдэж, 3.4 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгосон буюу мөн тооны даатгуулагчийг санхүүгийн эрсдлээс хамгаалж, бусдад учирсан хохирлыг барагдуулсан гэсэн үг. Нөхөн төлбөрийн дундаж хэмжээ 1,3 сая орчим төгрөг байна.
Даатгалын тохиолдол болон нөхөн төлбөр олголтыг компаниар авч үзвэл МИГ, Улаанбаатар хотын даатгал, Ард, Мөнх , Практикал даатгал зэрэг компаниуд байгуулсан гэрээний тооноос хамаарч хамгийн өндөр нөхөн төлбөр олгож ажилласан байна.
Мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад даатгалын тохиолдлын тоо 25.6 хувиар буурсан.
Даатгалын тохиолдол хаана хамгийн их гардаг, хэн гаргадаг талаарх тоо, мэдээлэл байдаг уу?
Мэдээж байлгүй яахав. Даатгалын тохиолдол гаргаж байгаа даатгуулагчдын дийлэнх нь 15 жил хүртэлх жолоо барьсан туршлагатай байгаа бөгөөд ихэнх тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн. Мөн нэг хүн сард хоёр тохиолдол гаргасан мэдээлэл бүртгэгдсэн. Нөгөө талаар жолоочийн тоо хязгаарлаагүй гэрээтэй даатгуулагч нар нийт тохиолдлын 80 гаруй хувийг гаргасан байна.
Ярилцсанд баярлалаа.
