Санхүүгийн зохицуулах хороо, Өмнөговь аймгийн ЗДТГ хамтран Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо иргэдийн санхүүгийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, зөвлөгөө өгөх сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Арга хэмжээний үеэр санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын чиг хандлага, үнэт цаасны арилжаанд оролцох боломж, даатгал болон банк бус санхүүгийн салбарын хөгжил, зээлийн мэдээллийн сангийн талаарх мэдээллийг танилцуулж, иргэдийн асуултад мэргэжлийн зөвлөгөө, тайлбар өглөө. Түүнчлэн эрсдэлийн удирдлага, финтек технологийн хөгжил, санхүүгийн зөв хэрэглээний талаар мэдээлэл хүргэж, санхүүгийн гэмт хэрэг, цахим залилангаас урьдчилан сэргийлэх арга замыг тайлбарлан таниулав.
Уг сургалт, хэлэлцүүлэгт АЖДХ нь Өмнөговь аймгийн Тээврийн цагдаагийн тасаг, Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөөг өгч ажиллав.
Тухайлбал, Албан журмын даатгагчдын холбоо Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, нөхөн төлбөр, хураамж, цахимжилт болон холбогдох хууль, журамд орсон нэмэлт өөрчлөлт, зохицуулалт, Тээврийн цагдаагийн тасгаас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөгөө, торгууль, шийтгэлтэй эсэх лавлагаа, МТМЗН-ийн мэрэгшсэн зөвлөхүүд татварын эрх зүйн орчны өөрчлөлт, иргэдэд зориулсан татварын хөнгөлөлт, хувь хэмжээ, тайлагналт, хөнгөлөлт зэрэг мэдээллийг өгч, цахим үйлчилгээг газар дээр нь үзүүлэв.
Өмнөговь аймгийн тухайд 75 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй бөгөөд уул уурхай дагасан ачаа тээвэр урсгал өндөр тул Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын чухлыг жолооч нар онцолж байна.
Энэ удаагийн сургалт, хэлэлцүүлэг нь орон нутаг дахь зохицуулалттай этгээд, төрийн байгууллага, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, шинээр батлагдан мөрдөгдөж буй хууль, журмын мэдлэгийг олгож, чадавхжуулснаараа онцлог юм.






