ОХУ-ын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын нөхөн төлбөр болон түүнтэй холбоотой зардал нэмэгдэж, 2026 оны эхний улиралд даатгалын компаниудын хураамжийн орлоготой бараг тэнцсэн байна.
ОХУ-ын Төв банкны мэдээлснээр 2026 оны I улиралд тус улсын жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын алдагдлын харьцаа 98 хувь болжээ.
Энгийнээр тайлбарлавал, даатгалын компаниуд албан журмын даатгалаас 100 рублийн хураамжийн орлого оллоо гэж үзэхэд ойролцоогоор 98 рубльтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр болон холбогдох зардал гарч байна гэсэн үг.
Энэхүү зардалд ослын улмаас иргэдэд олгосон нөхөн төлбөрөөс гадна шийдвэрлэгдээгүй хохирлын нөөц, ослын хохирол үнэлэх зардал, шинжээчийн үйлчилгээ, шүүх болон бусад холбогдох зардлыг багтаан тооцдог байна.
ОХУ-ын Төв банк жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын энэхүү үзүүлэлтийг 2026 оноос эхлэн улирал тутам олон нийтэд мэдээлэхээр болсон байна.
Ингэснээр албан журмын даатгалын хураамжийн орлого, нөхөн төлбөр болон бусад зардлын харьцаа ямар түвшинд байгааг иргэд болон даатгалын салбарын оролцогчид тогтмол харах боломж бүрдэх юм.
Төв банкны мэдээлснээр энэхүү мэдээллийг тогтмол нийтлэх нь жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын зах зээлийн ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилготой аж.

Эх сурвалж: ОХУ-ын Төв банк

