МОНГОЛ УЛС “ДААТГАЛЫН МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ АЗИЙН ФОРУМ”-ЫН ГИШҮҮН БОЛЛОО
Албан журмын даатгагчдын холбоо нь 2026 оны 11 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан “Даатгалын мэдээлэл солилцох, зэрэглэл тогтоох Азийн форум-2026” (IIRFA 2026)-д Монгол Улсыг төлөөлөн оролцож, тус форумын албан ёсны 9 дэх гишүүн орон боллоо.
2012 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус форумд БНСУ, Япон, БНХАУ, Энэтхэг, Тайланд, Малайз, Индонез, Тайвань зэрэг Азийн улс орон, бүс нутгийн холбогдох байгууллагууд нэгдэн, даатгалын салбарын мэдээлэл солилцоо, эрсдэлийн үнэлгээ, зэрэглэл тогтоолт, технологийн хөгжил болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр мэдлэг, туршлагаа хуваалцаж ирсэн.
Монгол Улс 2025 онд тус форумд ажиглагчийн статустайгаар оролцож байсан бол энэ жил албан ёсны гишүүнээр нэгдэж, бүс нутгийн даатгалын салбарын хамтын ажиллагаанд оролцох шинэ боломжийг бүрдүүллээ.
Энэ удаагийн форумаар даатгалын салбарын ирээдүйн чиг хандлага, эрүүл мэндийн болон тээврийн хэрэгслийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хөгжлийн боломж, технологийн дэвшил зэрэг асуудлыг онцлон хэлэлцэв.
Түүнчлэн бүс нутгийн улс орнууд их өгөгдөл, дэвшилтэт технологи, хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, эрсдэлийн үнэлгээ болон мэдээллийн дүн шинжилгээнд нэвтрүүлж буй туршлагаа хуваалцаж, өгөгдөлд суурилсан хөгжлийн ач холбогдлыг онцоллоо.
Монгол Улсын төлөөлөгчид даатгалын салбарын ирээдүйн чиг хандлага, үндэсний онцлог, нөөц боломж болон бүс нутгийн хамтын ажиллагаанд тулгуурласан хөгжлийн асуудлаар илтгэл танилцуулж, санал солилцсон юм.
Форумын хоёр дахь өдөр эрүүл мэндийн даатгал, дижитал шилжилт болон уур амьсгалын эрсдэлийн удирдлага, тэр дундаа эрүүл мэндийн даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг хангах, даатгалын зардлыг оновчтой удирдах, үйлчилгээ үзүүлэгч болон даатгуулагчдын хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцэв.
Энэ хүрээнд Тайландын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны туршлага, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтаар дамжуулан даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг хангах арга замын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Үргэлжлүүлэн “Дижитал амьдралын хэв маяг: Шинээр үүсэж буй эрсдэл ба хувь хүнд чиглэсэн хамгаалалт” сэдвийн хүрээнд даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээний шинэ чиг хандлагыг Тайландын “Roojai” компанийн туршлагад тулгуурлан хэлэлцүүлсэн бол БНСУ-ын хөрөнгийн болон хариуцлагын даатгалын зах зээлийн хөгжлийн шинэ үе шат, даатгалын салбарын үйл ажиллагааны цар хүрээнээс үнэ цэн бүтээх чиглэлд шилжих асуудлыг хөндөв.
Мөн “Уур амьсгалын эрсдэл ба гамшиг: Шинэ хэвийн нөхцөлд дасан зохицох нь” сэдвийн хүрээнд байгалийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, шийдвэр гаргалтад ашиглах боломжтой өгөгдөлд суурилсан хиймэл оюун ухааны агентын шийдлийг танилцуулав. Түүнчлэн гамшгийн эрсдэлийн улмаас даатгалын салбарт үүсэх нөлөөлөл, салбарын хэмжээнд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал, туршлага болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг бүс нутгийн улс орнууд хэлэлцэв.
Эдгээр хэлэлцүүлэг нь эрүүл мэндийн даатгалын тогтвортой тогтолцоог бүрдүүлэх, дижитал технологи болон хиймэл оюун ухааныг даатгалын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг урьдчилан тооцоолох, даатгалын салбарын ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход чиглэж байв.
Энэ удаагийн форумаас гишүүн орнуудын шийдвэрийн дагуу 2027 оны “Даатгалын мэдээлэл солилцох, зэрэглэл тогтоох Азийн форум”-ыг Монгол Улсад зохион байгуулахаар тогтов.
Энэхүү үйл явдал нь Монгол Улсын даатгалын салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн тэргүүлэх байгууллагуудтай мэдлэг, туршлага солилцох, дэвшилтэт технологийг өөрийн орны зах зээлд нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Албан журмын даатгагчдын холбоо нь цаашид тус форумын гишүүн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, бүс нутгийн даатгалын салбарын хамтын ажиллагааны хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр ажиллах юм.









