Сүүлийн жилүүдэд автомашины даатгалын салбарт хиймэл оюун ухаан (AI) болон дата анализын технологи өргөн нэвтэрч, ослын дараах нөхөн төлбөрийн процессыг илүү хурдан, ил тод болгох чиг хандлага дэлхий даяар ажиглагдаж байна. Даатгалын компаниуд ослын мэдээллийг боловсруулж, хохирлын хэмжээг үнэлэхэд AI-д суурилсан программ хангамж ашиглах болсон нь уламжлалт олон шат дамжлагатай процессыг ихээхэн хялбаршуулж байна.
Ослын дараа даатгуулагч гар утасны аппликейшн эсвэл онлайн платформоор дамжуулан автомашины гэмтлийн зураг, ослын мэдээллийг илгээдэг. AI систем нь зургаас автомашины хохирлыг илрүүлэх, хохирлын төрлийг тодорхойлох, засварын зардлыг тооцоолох, залилан байж болзошгүй шинж тэмдгийн илрүүлэх зэрэг ажлуудыг автомат байдлаар гүйцэтгэдэг. Ингэснээр нөхөн төлбөрийн анхны үнэлгээ хэдхэн минутын дотор гардаг болсон байна.
Уламжлалт нөхөн төлбөрийн процесс нь хэдэн өдөр, заримдаа хэдэн долоо хоног үргэлжилдэг байсан бол AI ашигласнаар үнэлгээ хийх хугацаа богиносож, хүний оролцоотой алдаа буурч, хэрэглэгчийн үйлчилгээний чанар сайжрах давуу тал бий болжээ.
Судалгаагаар хиймэл оюун ухаанд суурилсан нөхөн төлбөрийн систем ашигладаг даатгалын компаниудын зарим нь нөхөн төлбөрийн шийдвэр гаргах хугацааг 30-50 хүртэл хувиар бууруулсан байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар хиймэл оюун ухаан нь автомашины даатгалын салбарын хамгийн хурдан хөгжиж буй технологийн нэг бөгөөд цаашид ослын автомат илрүүлэлт, залилангийн эсрэг илүү нарийвчилсан хяналт зэрэг олон шинэ боломжийг бий болгоно гэж үзэж байна. Иймээс дэлхийн томоохон даатгалын компаниуд AI-д суурилсан нөхөн төлбөрийн системийг идэвхтэй нэвтрүүлж эхлээд байгаа юм.
Монголын даатгалын салбарт ч мөн адил “Агула даатгал” ХХК нь хохирол танилт болон үнэлгээний “ZURAGU” хиймэл оюун ухааны системийг нэвтрүүлсэн юм.

“ZURAGU” систем нь автомашины хохирлыг таньж, хохирлын үнэлгээг хийхдээ хиймэл оюун ухааны хэд хэдэн моделийг хослуулан ашиглаж, үнэлгээний компаниудын жишиг үнэтэй яг ижилхнээр үнэлгээг хийдэг ба зах зээлийн үнийн өөрчлөлттэй уялдуулж улирал бүр хохирол тооцоолол хийх дата баазаа шинэчлэн ажилладаг байна. Харин уг үнэлгээний системийг ашиглаж буй жолооч үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд өөрийн биеэр үнэлгээний компанид очиж үнэлгээ хийлгэх боломж нь нээлттэй юм. “ZURAGU”- хиймэл оюун ухааны системийн тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНЭ-д дарна уу.
Эх сурвалж: McKinsey & Company – Insurance 2030: The impact of AI on claims processing
https://www.mckinsey.com

