Албан журмын даатгагчдын холбооны төлөөлөгчид Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллага болох GIROJ (General Insurance Rating Organization of Japan)-ын урилгаар тус улсад ажиллалаа. Энэ үеэр GIROJ байгуулллагын ТУЗ-ын дарга Шиничиро Хаяакава, Дэд дарга Юүкихиро Ошика, Гүйцэтгэх захирал Шинго Кавагүчи нарын удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллага болох “GIROJ”-ийн ашиглаж буй даатгалын компаниудын нөхөн төлбөр, эрсдэлийн мэдээллийг төвлөрүүлэн нэгтгэдэг тогтолцоо, загвар, ослын шалтгаан, давтамж, эрсдэлийн мэдээллийг нэгтгэсэн үндэсний хэмжээний дата сан, даатгалын компаниудын дата солилцооны уялдаа холбоог хөгжүүлсэн байдал нь бүс нутагтаа жишиг болдог.
Мөн их өгөгдөлд тулгуурлан эрсдэлийн үнэлгээ, статистик боловсруулалт, өндөр эрсдэлтэй бүлгийг тодорхойлох, ослын давтамжийг шинжлэх, нөхөн төлбөрийн зардлыг тооцоолох, бүтээгдэхүүний үнэ тарифыг оновчтой тогтоох, эрсдэлийн үнэлгээ болон загварчлалын аргачлал нь даатгалын ослын давтамж, шалтгаан, нас баралт, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үзүүлэлтүүдийн үндсэн статистик мэдээллийг салбарын хэмжээнд цогцоор боловсруулахад чиглэгддэг байна.
Тиймээс Япон улсын Ердийн даатгалын Үнэлгээний байгууллагын зүгээс тус улсын сайн туршлагыг Монгол Улсын даатгалын салбарт нэвтрүүлэх, цаашид энэ чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.

Албан томилолтын хүрээнд GIROJ байгууллагын бүтэц, үйл ажиллагаа болон CALI (Compulsory Automobile Liability Insurance)-тай холбоотой үйл ажиллагаатай танилцав.
Энэ хүрээнд тус байгууллагын даатгалын салбарын мэдээллийн нэгдсэн сан, дата цуглуулалтын тогтолцоо, даатгалын компаниуд болон бусад байгууллагуудын мэдээлэл солилцооны систем, байгалийн гамшгийн эрсдэлийн загварчлал, хохирлын үнэлгээний аргачлал, даатгалын салбар дахь эрсдэлийн удирдлага зэрэг даатгалын салбартай холбоотой цогц мэдээллийг авч, Монголын даатгалын салбарын төлөөллүүд холбогдох сургалтад хамрагдав.
GIROJ нь Япон улсын ердийн даатгалын салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах зорилготой “Act on Non-Life Insurance Rating Organizations” хуулийн хүрээнд байгуулагдсан байгууллага юм.
Тус байгууллага нь даатгалын хураамжийн суурь үнэлгээ боловсруулах, жолоочийн албан журмын даатгалын (CALI) хохирлын үнэлгээ хийх, мөн даатгалын компаниудаас цуглуулсан мэдээлэлд үндэслэн эрсдэлийн үнэлгээ, статистик боловсруулалт хийх, даатгалын мэдээллийн нэгдсэн сан, дата удирдлага болон нөхөн төлбөрийн шударга, шуурхай тогтолцоог дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байна.



