Япон улс ирэх 11 дүгээр сарын 1-ний өдрөөс Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал (Compulsory Automobile Liability Insurance-CALI)-ын суурь хураамжийг дунджаар 6.2 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь тус улсын хувьд энэ төрлийн даатгалын хураамжийг 2013 оноос хойш буюу 13 жилийн дараа анх удаа нэмж байгаа тохиолдол юм.
Японы үндсэн нутаг дэвсгэрт ашиглагддаг хувийн суудлын автомашины 24 сарын даатгалын хураамж 17,650 иен байдаг бол шинэ тарифыг мөрдөж эхэлснээр 18,560 иен болж, 910 иенээр нэмэгдэж байна. Харин ‘Kei’ ангиллын жижиг оврын автомашины 24 сарын хураамж 17,540 иенээс 18,660 иен болж өсөхөөр байна.
Хураамжийг нэмэгдүүлэхэд даатгалын үйл ажиллагааны зардал өссөн нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, даатгалын үйл ажиллагаатай холбоотой зардлын хэсэг, даатгалын зуучлалтай холбоотой зардлыг тус тус шинэчлэн тооцсон байна. Харин зам тээврийн ослын хохирогчдыг хамгаалах болон төрийн баталгааны үйл ажиллагаанд зориулсан төлбөрийг хэвээр үлдээжээ.
Шинэ тарифыг 2026 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш даатгалын хугацаа нь эхлэх гэрээнд мөрдөж эхэлнэ.
Энэхүү тарифын шинэчлэл нь албан журмын даатгалын хураамжийн хэмжээг бодит зардал, эрсдэлийн түвшин болон даатгалын үйл ажиллагааны өртөгтэй уялдуулан үе шаттай хийж буй шинэчлэлийн нэг хэсэг болж байна. Цаашлаад эрсдэлийн менежментийн тогтолцоог урт хугацаанд тогтвортой ажиллуулахад чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тус улсын албаныхан онцолж байна.
Япон улсын Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь манай орны нэгэн адил зам тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлөх, ослын хохирогчийг санхүүгийн хувьд хамгаалах үндсэн зорилготой заавал даатгалын тогтолцоо юм.

Эх сурвалж: Financial Services Agency of Japan / General Insurance Rating Organization of Japan (GIROJ), 2026

