Автомат жолоодлоготой автомашин (autonomous vehicle)-ы технологи сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж, авто даатгалын салбарт суурь өөрчлөлт авчирч эхэллээ. Салбарын шинжээчдийн үзэж буйгаар “жолоочийн буруутай эсэх”-д тулгуурласан уламжлалт үнэлгээ аажмаар ач холбогдлоо алдаж, оронд нь технологийн эрсдэл давамгайлах шинэ үе эхэлж байна.
Даатгалын салбарын төлөөлөгчид үүнийг “Жолоочийг бус харин алгоритмын зан төлөвийг даатгах эрин” гэж тодорхойлжээ.
Өмнө нь ослын хариуцлага шууд жолоочид ногддог байсан бол харин автомат жолоодлогын үед автомашин үйлдвэрлэгч, программ хангамж хөгжүүлэгч, зарим тохиолдолд үйлчилгээ үзүүлэгч нар оролцох болж байгаа юм.
Ингэснээр даатгалын нөхөн төлбөрийн тогтолцоо илүү төвөгтэй болж, “олон талт хариуцлага” (multi-party liability)-ын шинэ орчин бүрдэж байна.
Автомат жолоодлоготой автомашин нь программ хангамжийн алдаа, мэдрэгчийн доголдол, кибер халдлага, сүлжээний тасалдал гэх эрсдэлүүдийг дагуулж байгаа ба эдгээр нь уламжлалт авто даатгалын үнэлгээний системд байгаагүй цоо шинэ төрлийн эрсдэлүүд юм.
Сонирхолтой нь, урт хугацаандаа автомат жолоодлоготой автомашины ослыг бууруулснаар даатгалын зардал 50 хувь хүртэл буурах боломжтой гэж шинжээчид үзэж байна. Үүнийг дагаад зарим даатгагчид аль хэдийн автомат жолоодлогын системтэй автомашинд тусгай хөнгөлөлт санал болгож эхэлжээ.
Ийнхүү авто даатгалын салбар “жолооч төвтэй” загвараас “технологи төвтэй” загвар руу шилжин, зөвхөн даатгалын бүтээгдэхүүн бус, хариуцлагын ойлголтыг бүхэлд нь дахин тодорхойлох шинэ эрин үеийг эхлүүлээд байна.

Эх сурвалж: AI, self-driving create challenges for auto insurers;

