Албан журмын даатгагчдын холбооны Удирдах зөвлөлийн 2013 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж тус лого /бэлгэ тэмдэг/-г үйл ажиллагаандаа ашиглахыг зөвшөөрсөн. Үүнээс хойш Албан журмын даатгагчдын холбооны албан бичгийн нүүр, байгууллагын хаяг, веб сайт бусад цахим сүлжээнд байнга хэрэглэхийн зэрэгцээ сургалт, сурталчилгааны материалд ашиглаж байна.
Логоны тухай:
Монгол улсын үндэс газар нутаг, засаг захиргааны нэгж, аймаг, нийслэлийн төвийн хамт дүрсэлсэн нь Албан журмын даатгагчдын холбоо нь 21 аймагт үйл ажиллагаагаа явуулж Монгол улсын хэмжээнд Албан журмын хариуцлагын даатгалыг нэвтрүүлснээр жолооч нарын хариуцлагыг дээшлүүлж улмаар зам тээврийн осол, зөрчлийн тоог цөөрүүлж хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоос хамгаалах утгыг агуулж байгаа болно.
Даатгалын мөн чанар болсон өгөх авахын бэлгэдэл бүхий хошуу сумаар тойрог үүсгэж доод хэсэгт нь “Албан журмын даатгагчдын холбоо” гэсэн бичвэртэй, дээд талын дугуй тойргийг ашиглаж шүхэр байрлуулсан нь хариуцлагын даатгалын мөн чанар хамгаалалтын утгыг илэрхийлнэ.
Шүхрийн гол үзүүрийг гурван талт хурц үзүүрт зэвээр дүрсэлсэн нь Албан журмын даатгагчдын холбооны ажил үйлс тэнгэр өөд тэмүүлж ямагт дэвшин дээшилж, аливааг саадгүй давах чадвартай оршин байхыг бэлгэдсэн болно.
Логоны өнгө нэлэнхийдээ гүн цэнхэр суурь өнгөнөөс тунгалаг цэнхэр өнгөнд уусаж байгаа нь Албан журмын даатгагчдын холбооны эрхэм зорилго Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, мөнх хөх тэнгэр шигээ мөнхжих болтугай гэсэн ерөөлт бэлгэдэлтэй юм.