Энэ сарын 7-нд Албан журмын даатгагчдын холбоо гишүүн даатгалын компанийн төлөөлөлд 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, энэ онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцууллаа.
Тус холбоо 2025 онд даатгалын мэдээллийн сан, системийн хөгжүүлэлтийг амжилттай нэвтрүүлж, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ урьдчилж, цахимаар байгуулах, гэрээнд жолооч нэмэх, гэрээтэй холбоотой мэдээлэл, лавлагааг И-Монголиа болон бусад эх үүсвэрээс түргэн, шуурхай авах зэрэг ажлыг хэрэглээнд нэвтрүүлэв.
Мэдээллийн аюулгүй байдлын ISO/IEC 27001 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийн зэрэгцээ гадаад хамтын ажиллагааг өргөжүүлээд байна.
Мөн өнгөрсөн онд даатгалын мэдээллийн санд ипотекийн даатгалыг нэгтгэсэн бөгөөд энэ онд бусад даатгалын бүтээгдэхүүнээр санг өргөжүүлэхээр төлөвлөснийг танилцуулав.
2026 онд Албан журмын даатгагчдын холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Жолоочийн даатгалын баталгааны загварыг олон улсын жишигт нийцүүлэх, Олон улсын ISO 9001 стандарт, Кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээг нэвтрүүлэхийн зэрэгцээ иргэн, даатгуулагчдад зориулсан мэдээллийн нэгдсэн платформыг хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байна.




