Албан журмын даатгагчдын холбоо нь “Би хариуцлагатай жолооч” аяныг улс орон даяар өрнүүлээд байгаа билээ. Уг аянд Замын-Үүд сумын ИТХурал болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, тус сумын хууль, хяналтын чиг үүргийн байгууллагууд нэгдэж, нэг сарын хугацаатай аяныг орон нутагтаа эхлүүллээ.
Энэ сарын 07-нд болсон аяны нээлтэд Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, тээврийн жолооч, тээврийн үйлчилгээ эрхлэгчид, даатгалын компанийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцож, холбогдох хууль, зохицуулалтын талаарх мэдээллийг авлаа.
Нээлтэд Албан журмын даатгагчдын холбоо, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн төлөөллүүд оролцож, жолоочийн хариуцлагын даатгал, түүний ач холбогдол ба хууль эрх зүйн шинэчлэл, зам, тээврийн ослын нийтлэг шалтгаан, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сургалтыг хийлээ.
Замын-Үүд сум нь 21 аймаг, Нийслэлээс урд хөршийг зорих зорчигч, тээврийн урсгал ихтэй, эдийн засгийн чухал боомт юм. Монгол Улсын импортын бараа, бүтээгдэхүүний 80 орчим хувь нь энэ боомтоор орж ирдэг бөгөөд өдөрт 300-500 том оврын ачааны машин, 500-1000 орчим суудлын автомашин нэвтэрдэг замын ачаалалтай бүс юм. Тиймээс хил орчмын энэ бүсэд жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, мэдээ, мэдээллийг тогтмол өгч, жолоочийн болон зорчигчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай.

