Сүүлийн жилүүдэд цахилгаан автомашины хэрэглээ дэлхий даяар эрчимтэй өсөж, автомашины даатгалын салбарт шинэ төрлийн эрсдэл, боломжуудыг бий болгож байна. Судалгаагаар 2023 онд дэлхий даяар 14 сая орчим цахилгаан автомашин шинээр борлуулагдсан бөгөөд энэ нь нийт автомашины борлуулалтын ойролцоогоор 18 хувийг эзэлж байна. 2027 он гэхэд 16 сая гаруй автомашин борлуулагдаж, уг зах зээлийн хэмжээ 850 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа юм. Цахилгаан автомашинаар 1000 км зам туулахад дунджаар 28,800 төгрөгийг цэнэглэхэд зарцуулдаг. Харин ижил түвшний бензин хөдөлгүүртэй автомашин дунджаар 300,000 төгрөгийн түлш шаарддаг. Энэ харьцуулалт дангаараа цахилгаан автомашин ямар их хэмжээний хэмнэлт бий болгодгийг харуулж байна.
Цахилгаан автомашины хэрэглээ ийнхүү нэмэгдэж байгаа нь даатгалын компаниудад шинэ төрлийн хамгаалалтын бүтээгдэхүүн боловсруулах шаардлагыг бий болгоод байгаа юм.
Цахилгаан автомашин нь уламжлалт дотоод шаталтын хөдөлгүүртэй автомашинаас бүтэц, технологийн хувьд ялгаатай. Ялангуяа өндөр үнэтэй лити-ион батарей, нарийн электроник систем, программ хангамжид суурилсан удирдлагын технологи зэрэг нь эвдрэл гарсан тохиолдолд засварын өртгийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог. Зарим тохиолдолд батарейн гэмтэл нь автомашины нийт үнийн 30-50 хувьтай тэнцэх хэмжээний засварын зардал үүсэх боломжтой гэж шинжээчид үздэг байна.
Иймээс олон улсын даатгалын компаниуд цахилгаан автомашинд зориулсан тусгай багц бүтээгдэхүүн санал болгож эхэлсэн. Эдгээр бүтээгдэхүүнд батарейн гэмтэл, цэнэглэх станцтай холбоотой осол, программ хангамжийн алдаа, цэнэглэгч төхөөрөмжийн гэмтэл зэрэг эрсдэлийг хамруулдаг болжээ. Мөн зарим даатгалын компаниуд батарейн хүчин чадлын бууралтыг баталгаажуулах нэмэлт хамгаалалт санал болгох болсон байна.
Дэлхийн улс орнууд байгаль орчинд ээлтэй болох, ногоон ирээдүй рүү тэмүүлэх зорилгынхоо хүрээнд цахилгаан автомашины хэрэглээ, үйлдвэрлэлийг ихэд дэмжиж байгаа юм. Тэдгээр улсын тэргүүн эгнээнд 2030 он гэхэд дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины борлуулалтыг зогсоох зорилготой Дани, Исланд, Ирланд, Нидерланд, Швед зэрэг улсууд багтдаг. Түүнчлэн цахилгаан автомашины татварыг тэглэх, үнэгүй зогсоолоор хангах, хямд цэнэглэх боломж бүрдүүлэх зэрэг олон давуу талууд бий болсоор байна.

Монгол улсад ч мөн ногоон дугаартай, бүрэн цахилгаан автомашинуудад зориулан дугаарын хязгаарлалт хамаарахгүй, агаарын бохирдлын татвар авахгүй зэрэг давуу талыг олгож буй. Мөн нэгдүгээр эгнээгээр зорчих, зогсоолын төлбөрөөс чөлөөлөгдөх зэрэг нэмэлт боломжуудыг бүрдүүлэхээр ажиллаж байгаа ажээ.
Шинжээчдийн үзэж байгаагаар цахилгаан автомашины тоо ойрын жилүүдэд үргэлжлэн өсөх бөгөөд үүнтэй зэрэгцэн EV (Electric Vehicle) даатгал автомашины даатгалын зах зээлийн чухал сегмент болон хөгжих төлөвтэй байна.
Эх сурвалж:
International Energy Agency-Global EV Outlook
https://www.iea.org/reports/global-ev-outlook
Цахилгаан автомашины тухай таны мэдэх ёстой бүхнийг А-Я үсгэнд | Unread Today

