2025 онд “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх, түр хугацаагаар орж ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д өөрчлөлт оруулж, хилийн боомтоор орж ирж буй гадаадын тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нарыг жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүрэн хамруулж, осол гарсан тохиолдолд хохирлыг даатгалаар барагдуулах нөхцөлийг бүрдүүлсэн.
Уг өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр хилийн бүсэд орж ирж буй тээврийн хэрэгслүүд жолоочийн даатгалд заавал хамрагдах нөхцөл бүрдсэн бөгөөд зам тээврийн ослын үед хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлж, даатгалын хүртээмжийг нэмэгдүүлснээрээ онцлог юм.

2026 он гарсаар буюу нэгдүгээр сарын 22-ны байдлаар дамжин өнгөрөх болон түр хугацаагаар Монгол Улсын нутаг дэвсгэрт орж ирсэн гаднын улсын 428 тээврийн хэрэгсэл Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамрагдаж, 66,1 сая төгрөгийн хураамжийг төвлөрүүлжээ.
Дээрх тээврийн хэрэгслийг улсаар ангилж үзвэл ОХУ-287, Беларусь-100, тодорхойгүй-16 , БНХАУ- 9, Азарбайжан-5, бусад-12 тээврийн хэрэгсэл гэрээ байгуулжээ. Тээврийн хэрэгслийг ангилж харвал нийт гэрээний 99 хувийг В,С ангиллын тээврийн хэрэгсэл эзэлж байгаа бол нэг хувийг D ангиллын тээврийн хэрэгсэл эзэлж байна.
Гэрээг тээврийн хэрэгслээр ангилж харуулав
| Ангилал | Гэрээний тоо | Хураамжийн дүн |
| B | 264 | 27,701,289 |
| C | 160 | 37,271,756 |
| D | 4 | 1,147,185 |
| Нийт | 428 | 66,120,230 |
Мөн “Хилийн боомтод даатгалын зуучлалын үйл ажиллагаа явуулах компанийг сонгон шалгаруулах журам”-ыг хүчингүй болгосон хилийн боомтод ажиллах хүсэлт гаргасан бүх даатгалын зуучлагч компаниуд Хил хамгаалах ерөнхий газраас зөвшөөрөл авч ажиллах боломжтой болсон.
Өнөөдрийн байдлаар 7 даатгалын компани хилийн бүсэд үйл ажиллагаа явуулж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн, түр хугацаагаар орж ирсэн тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын гэрээг байгуулж байна. Нийт гэрээний 87,8 хувь буюу 376-г “Мөнх даатгал” ХХК байгуулсан бол “Монгол Даатгал” ХХК 25, “Улаанбаатар хотын даатгал” ХХК 17 гэрээ тус тус байгуулжээ.
Гэрээг даатгалын компани тус бүрээр харуулав
| Даатгалын компани | Гэрээний тоо |
| Бодь даатгал | 3 |
| Монгол даатгал | 25 |
| Мөнх даатгал ХХК | 376 |
| Номин даатгал ХХК | 1 |
| Практикалдаатгал | 3 |
| Улаанбаатар хотын даатгал ХХК | 17 |
| Хаан даатгал ХХК | 3 |
| Нийт | 428 |

