Баяр ёслолын өдрүүдэд замын ачаалал ихсэж, даатгалын тохиолдлын тоо нэмэгддэг тул АЖДХ-ноос даатгалын тохиолдлыг түргэн шуурхай шийдвэрлэх, даатгуулагчдад зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор зөвлөх багийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд ажиллуулж эхэллээ.

Тус мэргэшсэн баг нь өнөөдрөөс буюу энэ сарын 13-наас эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэргэжилтнүүдтэй хамтран зам тээврийн осол, даатгалын тохиолдол гарсан үед үүссэн харилцааг түргэн шуурхай шийдвэрлэж, мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Нийслэлийн ИТХ-ын даргын А/206 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хүрээнд нийслэлийн ИТХ, ЗХУТ, АЖДХ хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байна. Уг ажлын хэсэг нь Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, зам тээврийн ослын тохиолдлын улмаас үүсэх авто замын түгжрэлийг бууруулах, түргэн шуурхай шийдвэрлэх, технологид суурилсан шийдлийг даатгалын үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар санал боловсруулах, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулах чиг үүрэгтэй юм.

Хэрэв даатгуулагч та замын хөдөлгөөнд оролцох үед даатгалын тохиолдол гаргасан, бусад этгээд танд хохирол учруулсан бол даатгалын компанидаа хандаарай.

