Энэ оны долдугаар сарын 9-ний өдөр батлагдсан Жолоочийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр зам тээврийн ослын тодорхой тохиолдолд жолооч цагдаагийн байгууллагад мэдүүлэх үүргээс чөлөөлөгдөж байна.
Жолоочийн даатгалын тухай хуулийн 16.6-д “Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.” гэж заасан.
Тодруулбал, жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гаргасан ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээвийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, өөр хоорондоо маргаангүй тохиолдолд цагдаагийн оролцоогүйгээр ослыг баримтжуулан цахимаар даатгалын компанид илгээж ослын газрыг орхих, шууд даатгагчдаа хандан нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх боломжтой болжээ.

Уг хуулийн нэмэлт өөрчлөлт нь зам тээврийн ослын улмаас бий болж буй замын ачааллыг бууруулахад чиглэж байна.
2024 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 133475 зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгдсэн бол ослын тоо 30977 байна. Энэ нь урьд оны мөн үеэс 22.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Ослын 40 хувь орон нутагт гардаг бол 60 хувь нийслэлд хамаардаг байна. Нийслэл Улаанбаатар хотод гарсан ослын зөвхөн нэг тохиолдлоос болж 200-300 машиныг хамрах, 40-50 минут үргэлжлэх ачаалал зам дээр үүсдэг гэсэн тооцоо гарчээ.
Ослын тохиолдлын тоо жилээс жилд өсөж байгаа нь түүнийг түргэн шуурхай шийдвэрлэх, ослоос үүдэн гарч буй цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээр хохирох зэрэг дам нөлөөг бууруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна.
Тиймээс замын ачааллыг бууруулж, дээрх сөрөг үр дагаврыг арилгахад Жолоочийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт чухал нөлөө үзүүлэх юм.
