Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан (AI) нь автомашины даатгалын салбарт зөвхөн технологийн шийдэл биш, харин бизнесийн суурь зарчмыг өөрчлөх хэмжээнд нөлөөлж эхэлсэн бөгөөд уламжлалт удаан, хүн төвтэй процессуудыг хурдан, датад суурилсан, автомат шийдвэр гаргалт бүхий систем болгон хувиргаж байна.

AI нь зөвхөн нөхөн төлбөр (нэхэмжлэл) боловсруулах шатанд бус, даатгалын хамгийн чухал хэсэг болох эрсдэлийн үнэлгээнд гүнзгий нэвтэрч, жолоочийн зан төлөв, замын нөхцөл, байршлын эрсдэл, автомашины техникийн өгөгдөл зэрэг олон төрлийн мэдээллийг нэгтгэн илүү нарийвчлалтай эрсдэлийн үнэлгээ гаргах боломжийг олгож байгаа нь даатгалын үнэ тогтоох уламжлалт аргыг үндсээр нь өөрчилж байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь нас, хүйс, автомашины төрөл зэрэг ерөнхий үзүүлэлтэд тулгуурлаж байсан үнэлгээ одоо бодит хэрэглээ, бодит зан төлөв дээр суурилж, илүү шударга, хувь хүнд тохирсон хэлбэрт шилжиж байна.
Гэвч энэ бүх өөрчлөлт нь зөвхөн боломж биш, мөн шинэ эрсдэлийг дагуулж байна. Ялангуяа генератив AI хөгжихийн хэрээр хуурамч ослын зураг, баримт бичиг, иргэний үнэмлэхийг хүртэл хиймлээр үүсгэх боломж нэмэгдэж, даатгалын залилан илүү нарийн, илрүүлэхэд хүндрэлтэй болж байгаа нь салбарт “AI-ийг AI-аар хамгаалах” шаардлагыг бий болгож байна. Иймээс даатгалын компаниуд зөвхөн AI ашиглахаас гадна түүнийг хянах, баталгаажуулах, залилан илрүүлэх системүүдийг давхар хөгжүүлэх стратеги баримталж байна.
Энэ шилжилтийг дэлхийн тэргүүлэгч даатгагчид илүү тодорхой харуулж байна. Жишээлбэл, Хятад улсын Ping An даатгал нь уламжлалт даатгагч биш, харин технологийн компани болгон хувиргаж, олон зуун AI загвар ашиглан даатгал, санхүү, эрүүл мэндийн үйлчилгээг нэгтгэсэн экосистем бий болгосон нь AI-ийг бизнесийн цөм болгон ашиглаж буй жишээ юм. Харин Allianz нь дата болон эрсдэлийн нарийвчилсан загварчлалд төвлөрч, AI ашиглан байгалийн гамшиг, зах зээлийн эрсдэлийг илүү оновчтой тооцоолж, урт хугацааны тогтвортой байдлыг хангах стратеги баримталж байна. АНУ-ын State farm компанийн хувьд хэрэглэгчийн зан төлөвт суурилсан телематик даатгалыг хөгжүүлж, жолоочийн бодит өгөгдөл дээр үндэслэн үнэ тогтоох замаар хэрэглэгч төвтэй, уян хатан системийг бий болгож байгаа бол Франц улсын AXA нь AI-д суурилсан нөхөн төлбөрийн автоматжуулалт болон дижитал платформоор даатгалыг бүтээгдэхүүнээс илүү үйлчилгээ, экосистем болгон хөгжүүлэхэд анхаарч байна. Мөн Progressive Corporation нь үнэ тогтоох алгоритм, хэрэглээнд суурилсан даатгалын (UBI) шийдлээрээ зах зээлд ялгарч, датад суурилсан тариф тогтоолтын тэргүүлэгчдийн нэг болжээ.

Эдгээр компаниудын стратегийг нэгтгэн харахад AI нь даатгалын салбарт зөвхөн үйл ажиллагааг хурдасгах хэрэгсэл биш, харин өрсөлдөх чадварын гол эх үүсвэр болж, “хэн илүү их дата цуглуулж, илүү ухаалаг ашиглаж чадах вэ” гэсэн шинэ өрсөлдөөнийг бий болгож байгаа бөгөөд үүний үр дүнд даатгалын салбар улам бүр хэрэглэгч төвтэй, урьдчилан сэргийлэх чиглэлд шилжиж, ослын дараах нөхөн төлбөрөөс илүү ослоос өмнөх эрсдэлийг бууруулахад анхаарах болсон нь ирээдүйн гол чиг хандлага болж байна.
Эх сурвалж:
AI in insurance claims automation (Aranca)
How AI will transform insurance (WNS)
AI-driven claims processing solution (WNS)
Smarter claims management with AI (Allianz)

