
Энэхүү уралдаан нь жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолоочийн хариуцлагын даатгалын ач холбогдлыг таниулах зэрэгт чиглэсэн бүтээлч, үр нөлөөтэй контентуудыг олон нийтэд түгээх зорилготой юм.
Шагнал гардуулах ёслолд Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал М.Өлзийбат, Хамтын ажиллагаа хариуцсан ахлах Б.Эрдэнэцэцэг, Сургалт, сурталчилгаа хариуцсан менежер С.Ариунсувд, Б.Гүндэгмаа, мөн Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир нар оролцлоо.
Мөн энэ үеэр Албан журмын даатгагчдын холбооны үйл ажиллагаа болон жолоочийн хариуцлагын даатгалын тухай мэдээллийг шилдэг оролцогчдод хүргэлээ.
Уралдааны шилдгээр :
– Нэгдүгээр байр – “Катана продакшн”-ы “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо бүү бариарай” сэдэвт бүтээл
– Хоёрдугаар байр – Б.Пүрэвдорж-ийн “Даатгалын ач холбогдол” сэдэвт бүтээл
– Гуравдугаар байр – “Гэр бүлийн радио 104.5”ийн “Хүүхдэд ээлтэй жолооч” сэдэвт бүтээлүүд шалгарсан юм.