Албан журмын даатгагчдын холбоо нь 2025 онд Удирдах зөвлөлөөр баталсан таван зорилт бүхий ажил, арга хэмжээнээс дараах 10 ажлыг онцлон хүргэж байна.
1.БНСУ-ЫН ДААТГАЛЫН ХӨГЖЛИЙН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Албан Журмын Даатгагчдын Холбооны урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Даатгалын Хөгжлийн Хүрээлэн (KIDI)-гийн Гүйцэтгэх захирал ноён Чанг-Еон Хё тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 8 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Энэ хүрээнд хоёр байгууллага хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурж хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Талууд Монгол Улсын даатгалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, сургалт семинар зохион байгуулах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
2.МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ISO/IEC27001 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН ШААРДЛАГЫГ ХАНГАЖ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ АВЛАА
Албан журмын даатгагчдын холбоо нь “ABS Certification” ХХК-аас ISO/IEC 27001:2022 олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баталгаажуулалтын гэрчилгээгээ албан ёсоор авлаа.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх хүрээнд Мэдээллийн аюулгүй байдлыг хангах зохицуулалтын 17 журмыг байгууллагын онцлогт нийцүүлэн боловсруулж, Гүйцэтгэх захирлын тушаалаар баталгаажуулав. Мөн Хөдөлмөрийн дотоод журам болон 12 ажилтны ажлын байрын тодорхойлолтод МАБ-ын зохицуулалтыг шинээр тусган баталгаажуулав. Байгууллагын оффис буюу ажлын байрны нууцлалтай бүсийг тодорхойлж, камержуулалт болон цахилгааны утас, интернэт сүлжээг стандартын шаардлагад нийцүүллээ.
Даатгалын мэдээллийн нэгдсэн системийн эх код, өгөгдлийн сан, сервер систем болон сүлжээнд мэдээллийн аюулгүй байдлын дотоод аудит хийлгэсэн бөгөөд тухайн шалгалтын тайлан, дүгнэлт, зөвлөмжид үндэслэн системийн шинэчлэлийг хийж дуусгасан.
3.ИПОТЕКИЙН ДААТГАЛЫН МЭДЭЭЛЛИЙН САНГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг урт хугацааны даатгалд хамруулан, гэнэтийн осол болон өвчлөл зэрэг аливаа шалтгааны улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах тохиолдолд даатгагч зээлийн үлдэгдлийг төлж барагдуулах тухай Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 66 дугаар тогтоол батлагдсан.
Албан журмын даатгагчдын холбоо нь уг тогтоолын хүрээнд Ипотекийн даатгалын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 14,845 Ипотекийн даатгалын гэрээ тус санд бүртгэгдээд байна. Ипотекийн даатгалын санг бүрдүүлэх, ашиглахтай холбоотой сургалтыг даатгалын 14 компани, арилжааны 8 банкны ажилтнуудад тус тус зохион байгууллаа.
4.ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ГЭРЭЭГ УРЬДЧИЛЖ ХИЙДЭГ БОЛОВ
Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хийлгэсэн даатгуулагч гэрээний хүчинтэй хугацаа дуусахаас өмнөх 30 хоногийн дотор гэрээгээ сунгах боломжтой боллоо. 2025 оны 03 дугаар сард хэрэгжиж эхэлсэн уг өөрчлөлт орсноос хойш урьдчилж хийсэн гэрээний тоо 62610-д хүрсэн байна.
5.БАТАЛГААЖСАН ГЭРЭЭНД САЙН ДУРААР НЭР ДУРДСАН ЖОЛООЧИЙГ НЭМДЭГ БОЛГОВ.
Жолоочийн хариуцлагын даатгалын баталгаажсан гэрээнд нэр дурдсан жолооч нэмэхдээ хүчинтэй гэрээг заавал цуцалж, дахин шинээр гэрээ байгуулан даатгагч, даатгуулагч нарт хүндрэл учруулдаг байсныг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн гэрээг цуцлахгүйгээр жолооч нэмдэг болгов.
Баталгаажсан гэрээнд шинээр нэмэгдэж буй жолоочийн даатгалын гэрээ болон нөхөн төлбөрийн түүхээс шалтгаалан гэрээнд нэмэлт төлбөр төлөх эсэх нь тооцоологдоно.
6.E-MONGOLIA СИСТЕМЭЭС ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ЛАВЛАГАА МЭДЭЭЛЭЛ АВАХ, ГЭРЭЭ БАЙГУУЛАХ БОЛОМЖТОЙ БОЛОВ
Энэ оны долдугаар сараас эхлэн Албан журмын даатгагчдын холбоо нь “И-Монгол академи” УТҮГ-тай хамтран E-Mongolia системээр жолоочийн даатгалын гэрээ болон нөхөн төлбөрийн мэдээллийн лавлагааг авах, гэрээ байгуулах боломжийг бүрдүүллээ.
Өмнө нь иргэн, даатгуулагч зөвхөн байгууллагын дотоод системээр хандаж энэ төрлийн мэдээлэл, лавлагааг авдаг байсныг илүү хялбар, хүртээмжтэй болгосноороо онцлог юм.
Иргэд даатгуулагч нь И-Монголиа системээс жолоочийн нэр дээр байгуулсан даатгалын гэрээний мэдээлэл, нөхөн төлбөр авсан эсэх, төлбөрийн огноо, даатгал олгосон байгууллага, осол гаргасан тээврийн хэрэгслийн мэдээлэл зэргийг авах боломжтой.
Мөн энэ оны 12 дугаар сараас эхлэн E-Mongolia систем дээр жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг цахимаар хийдэг болсон. Ингэснээр жолооч та нэг дороос жолоочийн хариуцлагын даатгалтай холбоотой мэдээлэл, лавлагаа авах, гэрээ байгуулах зэрэг үйлчилгээг цогцоор авдаг болж, хэрэглэгчдэд улам бүр хялбар боллоо.
7.ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН СИСТЕМД ДАН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Даатгалын мэдээллийн нэгдсэн сан дахь иргэд, даатгуулагчийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан даатгалын ажилтан, төлөөлөгч, зуучлагч нарыг танилт нэвтрэлтийн систем /ДАН/-ээр баталгаажуулан жолоочийн даатгалын мэдээллийн санд нэвтрүүлдэг боллоо. Өдгөө 3285 даатгалын ажилтан, төлөөлөгч, зуучлагч ДАН системийн баталгаажилтыг ашиглаж байна.
8. “БИ ХАРИУЦЛАГАТАЙ ЖОЛООЧ” АЯНЫГ ӨРНҮҮЛЭВ
Албан журмын даатгагчдын холбоо нь 2025 онд “Би хариуцлагатай жолооч” аяныг улс орон даяар өрнүүллээ. Уг аяны хүрээнд нөлөөллийн цуврал контентыг холбогдох байгууллагуудтай хамтран хийж, нийтийн тээвэр дээр баннер, улсын чанартай авто зам дагуу мэдээллийн самбар байршуулж ажиллалаа. Мөн ачаа, хүн тээврийн урсгал хамгийн ихэд тооцогддог хил орчмын бүс, Замын-Үүд сумын аж ахуйн нэгж, тээврийн жолооч, тээврийн үйлчилгээ эрхлэгчид, даатгалын компанийн төлөөллүүдэд холбогдох хууль, зохицуулалтын талаарх мэдээллийг хийж ажиллалаа. Замын-Үүд суманд нэг сарын хугацаанд өрнүүлсэн аяны хүрээнд125 даатгалгүй жолоочийг илрүүлэн жолоочийн хариуцлагын даатгалд бүрэн хамрууллаа.
9.ГОВИЙН БҮСИЙН ЕБС-ИЙН 1000 ГАРУЙ СУРАГЧИД “СУРАГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СУРГАЛТ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
Албан журмын даатгагчдын холбоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгтэй хамтран Говьсүмбэр, Дорноговь аймгийн ЕБ-ын 9 сургуулийн ахлах ангийн 1000 гаруй сурагчид “Сурагчийн аюулгүй байдал” сэдвийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх сургалтыг хийлээ.
Сүүлийн жилүүдэд өсвөр үеийнхэн болон оюутан залуус унадаг дугуй, скүүтер, мопед, мотоциклоор замын хөдөлгөөнд оролцож байхдаа зам тээврийн осолд өртөх нь нэмэгдсэн. Тиймээс дээрх тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохдоо хэрхэн дүрмийн дагуу зөв, соёлтой, эрсдэлгүй оролцох ёстой тухай мэдээллийг өгч, өөрсдийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалах талаарх сургалтыг өгсөн нь цаг үеэ олсон чухал ажил болов.
10.ДААТГАЛЫН САЛБАРЫН ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ, ТУРШЛАГА СУДЛАВ
Тайлант хугацаанд олон улсын сайн туршлага судлах, нэвтрүүлэх, Холбооны үйл ажиллагааг сурталчлах, олон талт хамтын ажиллагаа бий болгох, үйл ажиллагааны цар хүрээг тэлэх, бүс нутгийн хэмжээнд гаргах зорилгоор БНХАУ, Хонг-Конг, БНСУ, Албани, Малайз, зэрэг улсын даатгалын байгууллагууд, экспертүүдтэй санал солилцож эрсдэлийн судалгаа, таамаглал, тооцоолол, актуарын үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үнэ тогтоох, иргэдийн скоринг, итгэлцүүр тооцох, хиймэл оюун ухаан, замын хөдөлгөөний зөрчлийн үнэлгээний системийн талаар туршлага судалж, дэвшилттэй давуу тал, сайн туршлагыг өөрийн улсад нэвтрүүлэх боломжийг судаллаа. Цаашид хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргаж бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах зорилтыг дэвшүүлээд байна.

