Шинэ мэдээ:

Жолоочийн хариуцлагын даатгалын талаарх нийтлэг асуултууд

Асуулт-1

Жолоочийн даатгалын тухай хуулиар иргэн хүн шинэ машин аваад оношлогоонд хамрагдах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах болон улсын дугаар авахаас өмнө даатгал хийх шаардлага гарч байна. Харин даатгал хийлгэхийн тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар шаардагдаж байна. Алийг нь эхэлж авах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

Хариулт

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглосон. Иймээс даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Асуулт-2

Хэрэв даатгуулагч автомашинаа жилийн дундуур зарсан тохиолдолд даатгалд төлсөн төлбөрөө хэрхэн буцааж , өөр тээврийн хэрэгсэлд хэрхэн шилжүүлэх вэ?

Даатгалын компаний хувьд санхүүгийн бүртгэлд хэрхэн яаж өөрчлөлт хийх вэ? Энэ нь нөөцийн сан,тайлан баланс, төлбөрийн чадварт шууд нөлөөлж болох талтай.

Хариулт

Даатгуулагч өөрийн тээврийн хэрэгслийг даатгалын гэрээний хугацаанд зарсан тохиолдолд уг харилцааг Хорооны 2011 оны 332 дугаар тогтоолоор баталсан “жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт, загвар”-ын 7.2-т зааснаар зохицуулна. Даатгалын хураамжийн буцаалтыг орлогод тооцоогүй хураамжаас гаргана. Компаний нөөц сан болон төлбөрийн чадварт өөрчлөлт орохгүй. Тээврийн хэрэгслийн шинэ өмчлөгч жолоочийн даатгалд заавал даатгуулна.

Асуулт-3

Мэргэшсэн жолооч гэж Монгол улсад мөрдөгдөж байгаа Автотээврийн тухай хууль, холбогдох журамд заахдаа тусгай шалгалт өгч тэнцсэн , мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүнийг хэлнэ гэдэг тайлбарыг дагаж мөрдөх үү?

Хариулт

Мэргэшсэн жолооч гэдэгт Автотээврийн тухай хуулийн 3.1..15-д заасныг ойлгоно.

Асуулт-4

Жолооч С ангиллын тээврийн хэрэгсэл барих эрхтэй ба заавал даатгал хийлгэхийг хуульд шаардсан. Ийм тохиолдолд би даатгалаараа дурын даатгал хийлгэсэн тээврийн хэрэгслийг жолоодож болох уу? Үүнтэй нэгэн адилаар В ангиллын жолооч бас өөрөө даатгуулаад ямарч машин жолоодож болохоор зохицуулалт хийж болох юм уу? Энэ нь нэг талаасаа Үндсэн хуульд заасан хүний эрхийг зөрчиж байгаа нэг хэлбэр болж байна.

Хариулт

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулах бөгөөд 5.3-т зааснаар тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч болон С, D ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн даатгалд заавал даатгуулна. Харин тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулж даатгалын гэрээ байгуулахдаа даатгалын мэдүүлгийг бөглөх ба тээврийн хэрэгслийг жолоодох зөвшөөрөгдсөн жолоочийг сонгоно.

Асуулт-5

Жолоочийн даатгалын хуулийн дагуу даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохдоо бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг хэрхэн нотолж олгох вэ?

Эрүүл мэндэд хохирол учирснаас үүдэн гарах бусад зардлыг олгох уу? Жишээ нь: Олох байсан орлого, гэм хорын хэмжээ, шат дараалсан эмчилгээ гэх мэт. Иргэний хуулийн 443 дугаар зүйлд заасан гэм хорын даатгалын журам хэрхэн үйлчлэх талаар зохицуулалт хэрэгтэй байна.

Хариулт

Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхойлж, даатгагч, жолоочийн даатгалын сан даатгалын нөхөн төлбөрийг жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээнд багтаан олгоно.

Асуулт-6

Жолоочийн хариуцлагын даатгалтай хувь хүний даатгалын хугацаа дуусаагүй ч шинэ хуулиар заавал шинэчлэн даатгуулах ёстой. Иймд өмнө нь төлсөн хураамжийн үлдсэн хугацааны хураамжийн буцаалтыг хэрхэн бүртгэх вэ?

Хариулт

Жолоочийн хариуцлагын сайн дурын даатгалын гэрээ байгуулсан бөгөөд даатгалын гэрээний хугацаа нь дуусаагүй даатгуулагч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулахад даатгагч сайн дурын даатгалын эрсдэлийг өөртөө хүлээж байсан хугацаанд тохирох даатгалын хураамж болон гэрээний дагуу үзүүлсэн үйлчилгээний хөлсийг суутгаж, хураамжийн бусад хэсгийг даатгуулагчид буцаах ба даатгуулагч даатгалын мэдүүлгийн маягтыг бөглөж, даатгагчтай албан журмын даатгалын гэрээг шинээр байгуулна.

Асуулт-7

Нөхөн төлбөр, шимтгэл гарсан бол буцаалтыг хэрхэн хийх вэ? Аль нөөцийн сангаас хэрхэн тооцож буцаах вэ?

Хариулт

Даатгалын нөөц сангийн бүрдүүлэлт, зарцуулалтыг Хорооны 2009 оны 323 дугаар тогтоолоор баталсан “Ердийн даатгалын нөөц сан бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу сайн дурын даатгалын нэгэн адилаар хийнэ

Асуулт-8

Жолоочийн даатгалаар цуглуулсан хураамжийн орлогоос Төлөөлөгчийн шимтгэлийг олгож байгаа бөгөөд СЗХ-ны журмаар нийт хураамжийн орлогын дүнгээ нөөц санг байрлуулахыг заасан нь алсдаа даатгалын компаниудын нөөцийн сангийн дутуутай байлгах нөхцөл болоод байна.Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

Хариулт

Даатгагч даатгалын үндсэн эрсдэл, нөөцийн санг актуар тооцооллоор тооцсоны дагуу нөөц санг зохих хэмжээнд байгуулсны дараагаар үлдэх хэсэгт даатгалын төлөөлөгчийн шимтгэлийн хувь хэмжээг тогтоох нь зохистой. Даатгалын төлөөлөгчид олгосон шимтгэлийн хэмжээ даатгалын хураамжийн орлоготой харьцуулахад өндөр байвал даатгалын нөөц санг буурахад хүргэдэг. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хувьд даатгалд олныг хамруулахын хэрээр даатгалын компанид ихээхэн хэмжээний эрсдэл төвлөрөхийг анхаарах хэрэгтэй. Даатгалын компаниуд өөрийн төвлөрүүлсэн даатгалын хураамжын орлогоос даатгалын төлөөлөгчийн шимтгэлийг олгож ирсэн хэдий ч жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын хэлбэрээр сайн дурын даатгалын хэлбэрүүдтэй ижил хэмжээнд даатгалын төлөөлөгчийн шимтгэл олгох нь даатгагчийн санхүүгийн чадварт сөрөг нөлөө үүсгэж болзошгүй болно.

Асуулт-9

Ямарч ч даатгалын бүтээгдхүүн нь нэг талаас даатгагчдын даатгуулагчдынхаа өмнө тавьсан тодорхой хэмжээний нөхөн төлбөр төлөх амлалт байдаг, нөгөө талаас эрх үүргийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн тодорхой зохицуулалт дээр үндэслэдэг тул Жолоочийн даатгал дээр Даатгалын үнэлгээний дээд буюу нийт хэмжээг тодорхой болгох санал байна. Өөрөөр хэлбэл одоо байгаа үнэлгээ нь даатгуулагчийн хүлээх нийт хариуцлага биш, зөвхөн нэг удаагийн тохиолдлоор олгох нөхөн төлбөрийн хязгаар юм.

Хариулт

Дэлхийн ихэнх улс оронд жолоочийн хариуцлагын даатгалын хэлбэрээр дамжуулан төрийн зүгээс замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийнхээ хөндөгдсөн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгодог бөгөөд үүнийгээ заавал даатгалын журмаар хийдэг байна. Монгол Улсын Их Хурлаас Жолоочийн даатгалын тухай хуулийг баталснаар манай орны хувьд жолоочийн хариуцлагын даатгалыг сайн дурын даатгалаар хийж ирснийг албан журмын даатгалд шилжүүлсэн. Манай даатгалын салбарын статистикаас харахад жолоочийн хариуцлагын даатгалд нийт жолооч нарын 10 орчим хувь, автотээврийн хэрэгслийн даатгалд нийт автотээврийн хэрэгслийн 20 хувь орчим нь хамрагдсан үзүүлэлттэй байдаг. Автотээврийн хэрэгслийн болон жолоочийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр замын хөдөлгөөний нягтрал ихэсч, түүнтэй холбогдон зам, тээврийн осол, хохирогчдод учрах хохирлын хэмжээ нэмэгдсээр байна. Хариуцлагын даатгалын зүйл нь даатгуулагчын үйлдэл, эс үйлдлийн улмаас гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлага байдгаараа бусад хэлбэрийн даатгалаас онцлог. Жолоочийн даатгалын тухай хуулийн зорилт болох жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх болон хохирхогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад даатгалын үнэлгээний хэмжээг тогтоох асуудал чухал байсан. Хуулийн төслийг боловсруулах, хэлэлцэхэд гадаад орны туршлагыг судалж үзсэн ба даатгалын үнэлгээгээр даатгалын тохиолдол бүрд нэг удаа олгох нөхөн төлбөрийн хэмжээг хуулиар тогтоож өгсөн. Даатгуулагчийн төлөх даатгалын хураамжийг тооцоход өмнөх хугацаанд даатгалын тохиолдлыг хэдэн удаа гаргасан, нөхөн төлбөр хэдэн удаа гаргуулснаас хамаарч суурь хураамж нэмэгдэх эсвэл хорогдох учир жолоочийн хариуцлага дээшлэх учиртай.

Асуулт-10

Хуулийн 5.3 Авто тээврийн тухай хуулийн 3.1.15-д “ тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж автотээврийн хэрэгслийг жолоодох ажил гүйцэтгэж өөрт ашиг орлого олох зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдан мэргэжлийн үнэмлэх авсан этгээдийг --- энэ нь байгууллагын жолооч нар бүгд хамрагдах уу хувийн машитай хүмүүс давхардах гээд байна. Тайлбар өгнө үү?

Хариулт

Хариуг 3-асуултын хариуг харах. Хэдийгээр байгууллагын жолооч боловч мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй жолоочид Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.3 дахь хэсэг хамаарахгүй. Нөгөөтэйгүүр мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй жолооч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохгүй тохиолдолд мөн дээрх хуулийн заалт хамаарахгүй

Асуулт-11

Байгууллага аж ахуй нэгжийн хувьд нэг машины төлөө 2 хураамж төлж байгааг юу гэж тайлбарлах вэ? Нөхөн төлбөр авах болхоор 1 хураамжийн төлөө авдаг ямар учиртай болох ?

Хариулт

Жолоочийн даатгалд даатгуулах этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр байх тул өмчлөгч нь тээврийн хэрэгслийн тооноос үл хамааран тээврийн хэрэгсэл тус бүрээр жолоочийн даатгалд даатгуулна.

Асуулт-12

Нэг удаагийн хураамж төлөөд тохиолдол бүрт 5 сая хүртэл төгрөгийн нөхөн төлбөр авахаар хуульчлагдсан нь дэлхийн практикт байхгүй, даатгалын онол, зарчмыг алдагдуулсан буруу заалт. Одоо мөрдөж буй даатгалын тухай хуулинд ч нөхөн төлбөр үнэлгээнээс давсан бол гэрээ хүчингүй болхоор хуульчлагдсан байдаг. Иймд нөхөн төлбөрийг үнэлгээнд багтаан хуулийг өөрчлөх буюу тайлбар гаргуулах.

Хариулт

9-р асуултын хариуг харна уу.

Асуулт-13

Е ангиллын тээврийн хэрэгслийн хураамж, үнэлгээ хэд вэ?

Хариулт

Жолоочийн даатгалын тухай хуулийн 10.1-д даатгалын суурь хураамжийг заасан. Е ангилалд чиргүүл хамаардаг бөгөөд чиргүүл нь дангаараа замын хөдөлгөөнд оролцдоггүй. Хуулийн 11.1-д даатгалын хураамжийн хэмжээг тогтооход ашиглах итгэлцүүрийг заасан ба чиргүүлтэй байх эсэх нь тухайн даатгуулагчийн төлөх хураамжийг тогтоох нэг үзүүлэлт болно.

Асуулт-14

Лизинг болон барьцаа хөрөнгийн хувьд Банк болон ББСБ-н нэр дээр байгаа тээврийн хэрэгслийн өмчлөгч илүү хураамж төлж буй тал дээр журам гаргаж зохицуулалт хийх.

Хариулт

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5.1-д “Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд даатгуулна.” гэж заасан, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр дамжуулан тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох жолоочийн хариуцлагыг албан журмын даатгалд хамруулна. Банк, банк бус санхүүгийн байгууллага нь харилцагчиддаа автомашины зээл олгосны дараа тухайн тээврийн хэрэгсэл банк, банк бус санхүүгийн байгууллагын өмчлөлд шилжиж, зээлдэгч нь тээврийн хэрэгслийг эзэмшиж ашигладаг. Банк, банк бус санхүүгийн байгууллага өмчлөгч тул жолоочийн даатгалд даатгуулна. Харин даатгуулагч даатгаагчтай даатгалын гэрээ байгуулж, даатгалын мэдүүлгийн маягт бөглөхөд тээврийн хэрэгслийг жолоодох жолоочийн тоо болон даатгалд хамрагдах хугацаа зэргийг сонгон даатгуулах ба банк, банк бус санхүүгийн байгууллагад зээл бүрэн төлөгдөж тээврийн хэрэгсэл зээлдэгчийн өмчлөлд ирсэн тохиолдолд иргэн өөрийн нэр дээр даатгалд хамрагдах боломжтой болно.

Асуулт-15

Тээврийн хэрэгслээ зарсан тохиолдолд буцаалт хийх хүндрэлтэй байна. Даатгалын гэрээнд тусгай заалт тусгаж хялбар аргаар шийдвэрлэж өгөх.Жишээлбэл: Машины ченжүүд олон тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр болгоод эргээд богино хугацаанд зардаг. Худалдаж авсан этгээд дахин даатгал хийлгэж байна. Даатгалын гэрээнд тусгай заалт тусгаж хялбар аргаар шийдвэрлэж өгөх.

Хариулт

Тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр бүр жолоочийн даатгалд даатгуулах учир даатгалын гэрээнд заалт оруулж, өмнө батлагдсан гэрээний стандартыг өөрчлөх шаардлагагүй болно. Учир нь аливаа хууль хэсэг бүлэг этгээдийн эрх ашгийг бус нийт иргэдийн эрх ашгийн төлөө үйлчилдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хууль тогтоох эрх мэдэл Улсын Их Хуралд хадгалагдах ба 25 дугаар зүйлд хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д заасанчлан Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага болохыг эцэст нь хэлье.

СЗХ-НЫ ДААТГАЛЫН ГАЗРЫН АЛБАН ЖУРМЫН БОЛОН

АМЬДРАЛЫН ДААТГАЛЫН ХЭЛТЭС

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах