Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

 

-Замын хөдөлгөөний дүрэм шинэчлэгдээд зургаан сарын хугацаа өнгөрлөө. Жолооч нар шинэчлэгдсэн заалтуудыг хэр хэрэгжүүлж байна?

-Жолооч нар энэхүү дүрмийг бие дааж судлахгүй байгаа нь олон зүйл дээр тод томруунаар ажиглагдаж байгаа. Жишээ нь бидний хамгийн өргөн дэлгэр хэрэглэдэг нийтийн үйлчилгээний зогсоолууд дээр гаргаж байгаа зөрчил байна. Хэдийгээр Улаанбаатар хотод зогсоолын асуудал хүндхэн ч Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм бол тухайн хүмүүсийн аюулгүй байдал, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд гарсан. Тэгэхэд үүнийг зөрчин байж зогсдог. Мөн тэнд зогсож болох үгүйгээ мэдэхгүй байгаа нь зөрчил гаргаж байгаа иргэдийн дунд хийсэн судалгаанаас харагддаг. Нийтийн тээврийн зогсоолд зогсон зөрчил гаргасан жолооч дээр очоод уулзахад “Би хүн буулгаж, суулгаж байна. Хуучин болдог л байсан биз дээ” гэх тайлбарыг өгдөг. Монгол Улсын Замын хөдөлгөөний шинэчлэн баталсан дүрмээр 22.00-06.00 цагийн хооронд чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсохыг хориглосон.

Дараагийн ээлжид Улаанбаатар хотын замд хамгийн их осол гаргадаг зүйл бол замын эгнээ байрлал. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон тэмдгээр тодорхойлно гэж заасан. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлно. Автозам болон зам засвар арчлалтын газрууд энэ эгнээ байрлалыг жолооч нарт маш тодорхой болгож өгөх зайлшгүй шаардлагатай. Аль ч зам дээр баримжаагаараа аюулгүйн зайг харгалзан явах хүндрэлтэй.Заримдаа мэргэшсэн бид хүртэл аюулгүйн зурвасаа баримжаагаар аваад эгнээ байраа тодорхойлоод явахад нөхцөл байдал хүндхэн замууд харагдаад байна.

Түүнчлэн том оврын тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байдлаа хангаж замын хөдөлгөөнд оролцох хэрэгтэй байна. Авто замын хөлдөлт гэсэлтийн цагаар нэг тэнхлэгтэй 10 тонн жинтэй тээврийн хэрэгсэл зорчино гээд НЗД-ын захирамж гарсан байхад нэг тэнхлэгт 20-30 тонн хүртэлх жинтэй явж байна.Тогтмол даац хэтрүүлж байгаагаас болоод хотын зам хөдөөгийн шороон зам шиг ховил гартлаа эвдэрч байна. Тэд замын хөдөлгөөний дүрмийг мэддэг ч биелүүлэхийг хүсдэггүй нь тод томруунаар ажиглагддаг.

Үүний улмаас зам тээрийн осол  4000 гараад байна.

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

Дулааны улиралтай эхлэхээр унадаг дугуй, мотортой болон моторгүй дугуйгаар яг машин шиг авто зам дээр зэрэгцэж явдаг зөрчил ихэссэн. Авто зам гэдэг бол автомашины хөдөлгөөнд зориулагдсан зурвас газар юм шүү. Тиймээс авто зам дээр явган зорчигч дугуйтай зорчиж болохгүй гээд заасан. Гэтэл авто машины зам дээгүүр дугуйтай явж байгаад осолд өртөхөд өөрөө л хохирч үлддэг. Түүнчлэн мопедыг 16-аас дээш насныхан унана гээд замын хөдөлгөөний дүрэмд заачихсан байхад 14 настай хүүхэд унаад авто замаар зорчиж байгаа зөрчил, гэмт хэрэг маш их илэрдэг. 

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

14-өөс дээш насныхан дугуй жолоодож замын хөдөлгөөнд оролцож болох ч зөвхөн дугуйн зам, унадаг дугуйн эгнээгээр зорчино гэж заасан. Гэвч иргэд дугуйн замаа ашиглахгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнтэй зэрэгцэн авто замаар явдаг. Скүүтэр ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд зориулсан хэсгээр зорчих нь хориотой. Унадаг дугуйн эгнээ байхгүй болон зохион байгуулалттай цуваагаар явж байгаа гэсэн 2 тохиолдолд 14-өөс дээш насныхан унадаг дугуйтай зорчих хэсэг рүү орж болно. Өнөөдөр Улаанбаатарт унадаг дугуйн зорчих хэсэг, эгнээг хангалттай бий болгосон байгаа. Мөн унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо чихэвч зүүн гаднаас анхааруулга дохио өгч байгаа зүйлийг сонсохгүй байж болохгүй гээд заасан байдаг. Мөн явган хүний гарц гарамтай хэсгээр дугуйгаа явган зорчигчийн хэсгээр түрж гарна, дугуй нь ардаа болон урдаа ойх гэрэлтүүлэг хэрэгсэлтэй, хамгаалалтын малгай, тохойвчтой байна гээд хуулиндаа зааж өгсөн. Энэ бүхэн унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн амь, нас эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа юм шүү.

Энэ бүхнийг уншин замын хөдөлгөөний дүрмийн зүйл заалтыг мэдэн биелүүлбэл өөрсдөд нь ач холбогдолтой.

-Зарим иргэд цахим хуудаснаа “Нийтийн тээврийн зогсоол дээр түр зогсохыг хориглосон учраас торгууль ногдуулж байна. Өмнө нь болдог байсан. Хүн буулгах шаардлага үүсэхэд хаана яаж зогсох вэ” гэсэн байсан?

-Удаан зогсохыг хориглосон тэмдэг, тэмдэглэгээ тавьсан  хэсгүүдэд түр зогсож хүн буулгаж, суулгахыг зөвшөөрнө. Чиглэлийн тээврийн хэрэгсэлийн зогсоол гэдэг бол байнгын явган зорчигч, нийтийн тээврийн том оврын автобусны хөдөлгөөн ихтэй байдаг учраас тэнд үзэгдэх орчин хязгаарлаж тээврийн хэрэгсэл зогсохыг замын хөдөлгөөний дүрмээр хориглодог. Судалгаа, шинжилгээтэй үүнийг хийж байгаа болохоор дуртай газраа очоод үүнийг хориглоё гээд байгаа зүйл биш. Биелүүлэхээс өөр арга байхгүй. Нэг газар хүн буулгаж, суулгахаасаа болоод бусдын эрх ашгийг хохироож болохгүй.

-Хүүхдийн суудлын бүс, аюулгүйн суудлыг хэрэглэж хэвшихгүй байгаа нь ажиглагддаг. Замын цагдаа шаардлага тавихад 3 хүүхдэд зориулалтын суудал бэлдэх санхүү, түүнийг нь багтаах багтаамж ч машинд алга гэж гомдолдог?

-“Би жил дараалсан дөрвөн хүүхэдтэй, машин бага суудал багтаах зайгүй” гэсэн тохиолдол ч байна. Бид ямар ч тохиолдолд хүүхдээ аюулгүй тээвэрлэ гэдэг шаардлага тавина. Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдийн буруу тээвэрлэлтээс болоод жилд нас барж байгаа 55 хүүхэд, гэмтэж бэртэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа 1000 хүүхэд дандаа хамгаалалтын бүс, тусгай зориулалтын суудалгүйгээсээ болоод эрсдэлд орсон байдаг.  Бид хүүхдээ тээвэрлэх зөөх нь чухал үүрэг болоод байгаа ч цаанаа нь тэр хүүхдийн эрүүл мэнд, амь нас зөвхөн зөөх гэдгээс чинь хэдэн 100 дахин илүү зүйл гэдгийг маш сайн ухамсарлах хэрэгтэй. Аюулгүй  байдлын судалгаа, шинжилгээний үндсэн дээр гаргасан дүрэм журмыг биелүүлэхийн тулд өөрсдөө хичээцгээе. Би өөрийнхөө “Приус” машинд гурван хүүхдээ зөөвөрлөх үүргээ биелүүлэхийн тулд үнэхээр багтахгүй бол гэр бүлийн машин болгон унаагаа томруулж хамгийн түрүүнд тэднийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг нь бодох ёстой. 

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

Зам тээврийн осолд хүүхэд өртсөн 4-8 удаагийн тохиолдол бүр дандаа урд суудалдаа хүүхдээ буруу тээвэрлэж авч явсан, хамгаалалтын бүс хийгээгүй, зориулалтын суудалд суулгаагүй, эгнээ байр зөрчих, хурд хэтрүүлснээс болдог. Томчуудын гаргасан дүрмийн бус ажиллагааны золиос нь буруу тээвэрлэгдсэн хүүхэд болж болохгүй.  

Тээврийн цагдаагийн алба хүүхэд буруу тээвэрлэж байгаа асуудал дээр хариуцлага тооцож эхэлж байгаа. Хүүхдээ машиндаа зөв тээвэрлэх боломжгүйгээс болоод миний хүүхэд тэргэнцэр дээр суугаад явах уу, эсвэл би боломжоороо хүүхдээ зөв тээвэрлэн мөрөөдлийг нь биелүүлэх үү гэдгийг эцэг эхчүүд өөрсдөөсөө  асуух хэрэгтэй.

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

-Урин дулаан болохоор зам тээврийн ямар зөрчлүүд ихсэх үү?

-Одоо хорооллын доторх замуудад тоглоомын талбай руу хүүхдийн хөдөлгөөн ихэсдэг. Гэтэл хороолол доторх эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээний нэг эгнээгээр тэр чигт нь зогсоол болгон дүүрэн машин тавьдаг. Энэ нь тодорхой хэмжээгээр үзэгдэх орчныг хязгаарлан түүний голоор гарч ирсэн хүүхэд битгий хэл том хүн харагдахгүй хурд хэтрүүлэн явж байгаа жолооч нар мөргөх, шүргэгдэх аюул маш их гардаг.

Мөн том оврын тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, ачааны бүрэн бүтэн байдал, эргэлт, тойруу, хурд  сааруулагч дээр хурдаа тохируулалгүй замын гадаргууг бохирдуулж, гэмтээдэг. 

Хамгийн сүүлд анхааруулахад мотоциклийн хөдөлгөөн гэж аюултай зүйл байна. Ялангуяа орон нутагт бартаатай, батлагдаагүй шороон замуудаар малчид Хятад улсад үйлдвэрлэгдсэн аюулгүй байдал, чанарын шаардлага хангаагүй мотоцикльтой малаа тууж явснаас болж жилд 100 гаруй хүн амь насаа алддаг. Тэдний 50 гаруй хувь нь мотоцикль жолоодох эрхийн үнэмлэхгүй, 70-80 хувь нь хамгаалалтын малгайгүй, 60-70 хувь нь мотоциклио улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн зөрчил ажиглагддаг. Хөдөө хөгшин залуу, хүүхэд гэлтгүй мотоцикль унана. Гэтэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 настай хүүхэд мотоцикль унах нь битгий хэл сундалдаж явахыг хориглосон байгаа.

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

Зам тээврийн ослын улмаас нэг жилд нас барж байгаа иргэдийн 70-80 хувь нь орон нутгийн замд амь насаа алдаж байгаа. Дулааны улиралд орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс ихэсдэг. Жолооч нар хайртай хүмүүсээ тээвэрлэхдээ хамгаалах бүс, суудлыг хэрэглэдэггүй. Нөгөө л 4 хүүхэд эцэг эх нь хойд суудал дээр сул тоглоод явдаг. Гэтэл орон нутгийн замын хажуугаар эзэнгүй бэлчиж яваа мал гэнэт гарч ирснээс болж жолооч тоормос гишгэн хамгаалалтын бүсгүй хүүхэд цонхоороо шидэгдэн амь нас, эрүүл мэндээрээ хохирдог. Ерөөсөө л бодит нөхцөл байдал энэ.

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

Суурин газрын гаднах замд 80 км/ц явах ёстой тээврийн хэрэгслүүд орон нутгийн замд хурдыг 50-70 хувь хэтрүүлэн хөдөлгөөнд оролцдог. Монгол Улсад явж байгаа нэг сая гаруй тээврийн хэрэгслийн насжилтыг аваад үзэхэд 81 хувь нь 10-аас дээш  жилийн насжилттай байгаа. Тэгээд 10-аас дээш жилийн насжилттай тээврийн хэрэгслээр орон нутгийн замд хурд хэтрүүлээд явна гэдэг бол өөрсдийгөө үхэл рүү авч явна гэсэн үг. Засварын нэгдүгээр зэргийн дугуй урдаа тавин хурд хэтрүүлж яваад тээврийн хэрэгслээ хүссэн газраа зогсоож, хүссэн чиглэл рүүгээ залж чадахгүй нөхцөл байдал үүсэн зам тээврийн осолд ордог. Жолооч нар үүнд маш сайн анхаарах хэрэгтэй. Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм  юм шүү гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй.

Э.Бөхбат: Замын хөдөлгөөний дүрэм бол цусаар бичигдсэн дүрэм

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах