Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд тэдгээрийн шийдлийн талаар

Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Даатгалын салбарын асуудал ба шийдэл” хэлэлцүүлэгт Албан журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжав Жолоочийн даатгалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт болон хөгжлийн хандлагын талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Илтгэлээс ........

 

IV.Орон нутагт Жолоочийн хариуцлагын даатгал эрхлэгч даатгалын компаниудын үйл ажиллагааны уялдаа холбоо хангагдахгүй байна. Энэ байдал хуулийн хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж байна. Нийтлэг ямар дутагдал доголдол байгааг ярья.

1. Даатгалын компаний салбарууд орон нутагт 2017 онд, жолоочийн хариуцлагын даатгалын 236437 гэрээ хийсэн нь Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдсан нийт гэрээний 39 хувийг эзэлж байна.Орон нутаг дахь даатгалын компаниудын салбарууд албан журмын даатгалын үйл ажиллагааг нэгдсэн зохион байгуулалттай  хийх боломжгүй байна. Даатгалын компаниуд болон салбарын үйл ажиллагаандаа мөрдөх дүрэм журам нэгдсэн байдлаар батлагдаагүй, нэгдсэн зохион байгуулалтгүй байгаа зэргээс шалтгаалж үйл ажиллагааны үр дүн муу байна. 2017 оны байдлаар, аймагт бүртгэлтэй нийт 329,088 тээврийн хэрэгслийн 64,6 хувь нь албан журмын даатгалд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд, 2017 онд 48289 мотоцикл бүртгэлтэй байгаагаас 12143 нь даатгалд хамрагдсан байна. Даатгалын компаниуд орон нутагт үйл ажиллагаагаа ямар түвшинд явуулж байгааг дээрх баримт харуулж байна. Тээврийн хэрэгслийг албан журмын даатгалд бүрэн хамруулах талаар санаачилгатай ажиллахгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч өөрсдөө ирэхийг хүлээж суух идэвхгүй байдал нийтлэг болсон байна.

Нийслэлд ч байдал сайнгүй байх магадлалтай байна. Тухайлбал: Замын хөдөлгөөний хяналтын камерт орсон 5923 тээврийн хэрэгсэлийг шалгаж үзэхэд 25 % буюу 1485 нь даатгалгүй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байгаа нь анхаарал хандуулах асуудал юм. Эндээс харахад даатгуулах нөөц их  байна.

2. Орон нутаг дахь даатгалын компанийн салбарууд үзлэг оношлогооны үеэр сум бүрт очиж 20-50 жолоочтой даатгалын гэрээ хийж байна.Үүний тулд аймгийн төвөөс даатгалын компаниуд зэрэгцэн давхиж үргүй зардал гаргаж үзлэг оношлогоонд орохоор ирсэнээс бусад тээврийн хэрэгслийг даатгалд хамруулах ажил хийхгүй байна. Жолоочийн хариуцлагын даатгалыг сумын төвд гараар бичиж дараа нь мэдээллийн санд оруулдаг байдал бүрэн арилаагүй байна. Ер нь Хорооноос Жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх зөвшөөрөл олгож, тавьсан шаардлагыг биелүүлээгүй олон компани байна. Тухайлбал даатгалын гэрээний болон нөхөн төлбөрийн программгүй, түүнийгээ МИИС системтэй холбоогүй компани бараг 50 хувь нь байна.

Орон нутагт хийсэн даатгалын гэрээг цуцлуулах явдал сүүлийн үед их гарах болжээ. Өнгөрсөн онд, нийт гэрээний 10,54% буюу 3,2 тэрбум төгрөгийн гэрээ цуцлагджээ.

Гэрээ хийх ажилд төрийн албан хаагчдыг янз бүрийн арга замаар татан оролцуулж байна. Тухайлбал, Сэлэнгэ аймагт Миг даатгал ХХК-ийн захирал асан нь АТҮТ-ийн даргаар томилогдсоныхоо дараа оношлогооны үеэр бусад даатгалын ажилтнуудад ажиллах боломж олгохгүй байна гэсэн гомдлыг аймгийн засаг дарга гаргасантай адилхан баримт олон аймагт байна. Сумдад жолооч нарын бичиг баримтыг урьдчилан хураан авч үзлэг, оношлогоонд орсон гэж бөөнөөр нь тамга тэмдэг дарах байдлаар хяналтгүй дураараа авирлаж байна. (Завхан аймгийн Отгон сумын Засаг даргын орлогч Я.Жавзансүрэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 2/192 тот албан бичиг)

3. Өнгөрсөн онд 2832 даатгалын тохиолдол орон нутагт гарсан боловч салбаруудад шуурхай албаны зориулалтын автомашин байхгүйгээс гарч байгаа зам тээврийн ослын дуудлагад үндсэндээ очих боломжгүй байна. Зам тээврийн ослыг замын цагдаа шалгаж дүгнэлт гаргуулах хандлага нийт аймагт үргэлжилж байна. СЗХорооноос тавьж буй шаардлагад нийцүүлэн салбарын эрхлэгчийн болон бусад ажилтнуудын хувийн унааг шуурхай дуудлагын машин гэж гэрээ байгуулсан байдаг ч даатгалын тохиолдол гарах үед уг машин нь Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байх жишээтэй. Замын цагдаагийн тасгаас шаардлага тавихад “хувийн унаагаа хэдийд хаана ашиглах нь миний асуудал” гэж хариулдаг байна. Энэ нь ч зөв байх. Хувийн унааг нь шуурхай албаны дуудлагын автомашинаар бүртгэсэн нь  буруу юм. /тодорхой баримттай/

Аймгийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага хүлээн авах, үйлчлэх ажилд нэгдсэн зохион байгуулалт шаардлагатай байна.Одоогийн даатгалын компаний орон нутаг дахь салбарууд нэгдсэн зохион байгуулалтад орох боломжгүй байна.

4. Орон нутагт даатгалын тохиолдлын хохирлыг тодорхойлох, нөхөн төлбөр олгох ажил ихээхэн чирэгдэлтэй байна. Орон нутагт ажиллаж байгаа салбарууд асуудал шийдвэрлэх эрх мэдэл дутагдаж тэр хэмжээгээр даатгуулагчийг чирэгдүүлж байна. Орон нутагт ажлын ачаалал их биш гэдгээр шалтгаалж хохирол үнэлгээчин ажиллахгүй байна.

Зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг үнэлэх ажлыг аймаг сумдад хийх мэргэшсэн үнэлгээчин байхгүй, “Ашид билгүүн ХХК” –ийн нэрээр, засварын газрын үнийн тарифыг үндэслэн дүгнэлтэндээ хуулж бичих замаар хохирол үнэлгээний дүгнэлт, тайлан гаргаж даатгалын компаниас нөхөн төлбөр гаргуулах хандлага нийтлэг болжээ.

Даатгалын хохирол үнэлгээний компаниудад баримтлах нэгдсэн аргачлалгүй байхад эрх олгож тэдний бичсэн тайлан дүгнэлтэд үндэслэн жил бүр олон тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгож байгаа нь даатгалын залиланг өөгшүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Жолоочийн даатгалын хохирол үнэлгээний үндэслэлийг автотехникийн мэргэжилтэний түвшинд хянаж байх шаардлага байгаа учраас дуудлагын ажилтаныг зөв сонгон авч үнэлгээчинээр давхар мэргэшүүлэн бэлтгэх нь зүйтэй байна. Даатгалын хохирол үнэлгээний зөвшөөрөлгүй этгээд тогтсон аргачлалгүйгээр үнэлгээ хийж байхыг үгүйсгэхгүй байна.

Даатгалын зуучлагчдын чадвараас шууд шалтгаалж жолоочийн хариуцлагын даатгалыг сурталчлах, ялангуяа даатгалын гэрээ хийхдээ итгэлцүүрийн талаар болон даатгагч, даатгуулагчийн эрх үүргийг сурталчилах ажил хийх чадвартай боловчон хүчин үгүйлэгдэж байна. Даатгалын компаниудад зуучлагчийг сургаж бэлтгэх ажил хийгдэхгүй байна. Энэ нь даатгалын мэдээллийг үнэн зөв бичих, тавигдах шаардлагыг биелүүлэх боломжгүй байдал үүсгэж байна.

Ийм учраас зуучлагчдыг байнгын сургалтанд хамруулж бэлтгэх, мэргэшүүлэх шаардлагатай болжээ. Ер нь зуучлагчид хэт олон байгаа учраас хураамжийн орлогоос хуваалцах, алдагдалд оруулахад ямар нэг хэмжээгээр сөрөг нөлөөлөл үзүүлж байна.

5. Орон нутаг дахь даатгалын компанийн салбараас Албан журмын даатгалын үйл ажиллагааг сурталчлах ажил үндсэндээ хийхгүй байна. Улаанбаатар хот дахь даатгалын компаниуд орон нутаг дахь салбарууддаа албан журмын даатгалын талаарх сургалт, сурталчилгааг хийхгүй байх үүрэг даалгавар, чиглэл өгдөг тухай яриа ч байна.

6. Аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Замын цагдаагийн тасгийн зүгээс даатгалын компаний салбарууд Жолоочийн даатгалын чиглэлд сайн ажиллахгүй байгааг шүүмжилж байна. Үүнд: Хэнтий, Дорноговь, Баян Өлгий аймгийн, Багануур, Налайх дүүргийн  Замын цагдаагийн  тасгаас даатгалын компаниуд жолооч нарыг даатгалд хамруулах гэж зүтгэхээс биш жолоочийн хариуцлагын даатгалын талаар таниулан ухуулах, албан журмын даатгалын ач холбогдлыг ойлгуулах талаар ажил хийдэггүй,  даатгалын тохиолдлын дуудлагад очдоггүй, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд хамтран ажилладаггүй тухай шүүмжилж  байгаа нь үндэслэлтэй байна.

V.Жолоочийн хариуцлагын даатгалыг хэрэгжүүлэх, жинхэнэ утгаар нь амжилттай хэрэгжүүлэх ямар боломж шийдэл байж болох вэ?

1.Даатгалын компаниуд нь ашгийн төлөө бизнесийн байгууллага учраас албан журмын даатгалын үйл ажиллагааг зөвхөн ашиг олох хэрэгсэл болгож байгаа нь иргэд, хуулийн этгээд жолоочийн хариуцлагын даатгалд итгэхгүй, даатгалд хамрагдахгүй байх нөхцлийг бүрдүүлж байна. Албан журмын даатгалыг бие даасан нэгдмэл нэг зохион байгуулалттай хуулийн этгээд эрхлэх нь зохистой байтал ашгийн төлөө арилжааны олон компани, салбараар тус үйл ажиллагааг эрхлүүлэхээр шийдвэрлэсэн нь оновчтой биш байгааг эргэн авч үзүүштэй. Жолоочийн хариуцлагын даатгалын сангаас албан журмын даатгалын сан байгуулах даатгуулагчдын төлөө хэрхэн зарцуулах талаар анхаарч журам баталж мөрдүүлэх хуулийн заалтыг хэрэгжүүлэх нь зүйтэй.

Жолоочийн даатгалын тухай хууль 2011 онд батлагдаж 2012 оноос хэрэгжүүлж эхэлснээс хойш жолоочийн даатгалын хураамж бага байна гэж үзээд 2015 онд хураамжийн хэмжээг 27.19 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргуулсан байдаг юм. Энэ нь даатгагчдын хувьд 7,0 тэрбум орчим төгрөгийн орлого нэмэгдүүлсэн ч даатгуулагч нарт сөрөг нөлөө үзүүлсэн.

Даатгалын компаниуд Жолоочийн албан журмын даатгал үндсэндээ алдагдалтай гэж ярьдаг, зарим актуарчидын 2017 оны  хамгийн том (олон гэрээ хийсэн) 5 даатгагчдын мэдээлэлд үндэслэн хийсэн албан бус тооцооллоос үзэхэд жолоочийн албан журмын даатгалын бүтээгдэхүүн алдагдалтай, хураамжийн хэмжээ бага түвшинд байна гэжээ. Цаашдаа одоогийн зохион байгуулалтаар ажиллаж байгаа даатгагчид жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага тавих нь тодорхой болж байна.

Уг даатгалын бүтээгдэхүүний агуулга ач холбогдлыг унагахгүйн тулд одоогийн хураамжийн хэмжээг нэмэгдүүлж хэрхэвч болохгүй үндэслэл байгааг бодож үзэх. Ер нь албан журмын даатгалын аюулгүйн нөөц хуримтлал бий болгосны дараа Монгол хүний амь нас, эрүүл мэндийн үнэлгээг өсгөх замаар 5 жилийн дараа хураамжийн хэмжээг өсгөх чиг хандлага баримтлах шаардлагатай.

2.Албан журмын даатгалын гэрээ нь хугацааны хувьд тасралтгүй үргэлжлэх байнгын өөрчлөлттэй, зөвхөн нэг удаа хийгдэх бус олон жил өмнөх гэрээний биелэлттэй уялдуулан  хариуцлага тооцох, урамшуулах, өмнөх гэрээнүүдийн биелэлтийн талаархи мэдээллийн үнэн зөв түүхэд үндэслэн хийгддэгээрээ онцлог юм.  Гэтэл, орон нутагт даатгалын гэрээ хийх процесс зарим нэг этгээдийн ашиг сонирхлоос хамааран мэдээллийн санд үнэн зөв мэдээлэл тухай бүр оруулах шаардлагыг үл хайхран дурын тоо үсгээр орлуулан худал мэдээлэл оруулсанаас мэдээллийн сангийн үнэн зөв байдалд муугаар нөлөөлж даатгалын гэрээний мэдээллийн 48% нь алдаатай байна. Энэ нь албан журмын даатгалыг нэгдсэн журам, хяналтын тогтолцоогүй, нэгдсэн удирдлагаар байнга дутагдаж байгаатай холбоотой байна.

Өнгөрсөн 6 жилийн хугацаанд Жолоочийн даатгалын  хураамжаар 128,9 тэрбум төгрөг төвлөрүүлж 53.24 хувийг (68.6 тэрбум төг) нөхөн төлбөрт олгож  даатгалын компаниуд 60.3 тэрбум төгрөг өөртөө шингээжээ. Үүнээс 2017 он гэхэд цалин  урамшуулалд 9.8 тэрбум төгрөг  олгосон  нь 823 хүнийг  сар бүр 1,0 сая төгрөгөөр цалинжуулсантай тэнцэж байна. Даатгалын компаниудын орон тоо 1295 байгаа.

Даатгалын компаниудын нөхөн төлбөр болон бусад зардал /цалин, шатахуун гэх мэт/ -ыг хасаад үлдсэн нь ашиг гэж үзэхээс илүүтэй нөөц сангийн хэлбэрээр хуримтлагдаж эргээд даатгуулагчдад зориулагдах шаардлагатай байна.Ашгийн төлөө хуулийн этгээдүүдэд энэ яриа таалагдахгүй нь тодорхой Жолоочийн даатгалын нөөц сан байгуулах улмаар албан журмын даатгалын сан байгуулах ажил өнөөлрийг хүртэл журамлагдаагүй байгааг ч хэлэх ёстой байх.

3.Даатгалын компаниудын орон нутагт хэрэгжүүлж чадахгүй, доголдоод байгаа жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагааг юуны өмнө бие даасан нэгдмэл нэг удирдлагатай хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх нь зохистой гэж үзэж байна. Энэ асуудлыг ойрын үед авч үзэж шийдвэрлэх нь зохистой байх.

Холбооноос өөрийн дүрэмд заасан эрхийн дагуу даатгалын компаниудад жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх батламж олгож байна. Албан журмын даатгалын үйл ажиллагаа эрхлэх эрхтэй Холбооны гишүүний батламж авсан хуулийн этгээд бол албан журмын даатгал эрхлэх тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг олон улсын туршлагыг харгалзаж болох юм. УНДЕГ, ЭМДЕГ, Хадгаламжийн даатгалын корпорацийн эрх үүргийг нь хуулиар тодорхойлсон учир зөвшөөрөл гэж олгодоггүй. Нийгмийн даатгалын төв байгууллагаас нь харьяа байгууллагын удирдлагыг томилж хуульд заасан эрх үүргийн дагуу ажиллуулж байна.

Ийм учраас жолоочийн хариуцлагын даатгал эрхлэх бие даасан хуулийн этгээдийг байгуулах, түүний салбар бүх аймаг, нийслэл хот томоохон суурин газарт ажиллуулж тэдэнд АЖДХолбооноос үйл ажиллагаа эрхлэх батламж олгоход болох юм. Бүх аймагт нэгэн жигд тоноглогдсон шуурхай албаны авто машинтай, мэргэшсэн дуудлагын ажилтантай, хохирол үнэлгээчинтэй даатгалын гэрээ хийх мэргэжлийн ажилтантай болно. Орон нутагт олон орон тоо, цалин, бензин шатахууны зардал давхардахгүй болно. Нөхөн төлбөр олгоход учирч байгаа одоогийн чирэгдэл арилж, даатгуулагчдын сэтгэл ханамж сайжирна.

4.Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёлыг төлөвшүүлэх ажлыг даатгалын компаниуд энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулснаар жолоочийн хариуцлагын даатгалын эрсдэлийг бууруулах

5.  Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, хяналт тавих үүргийг Албан журмын даатгагчдын холбоонд хариуцуулсан үүргийг хуулиар тодорхойлсон боловч хэрэгжүүлэх боломж бүрдээгүй дутагдлыг даруй засах,

6.СЗХ-ноос баталж мөрдүүлсэн гэрээ хийх даатгуулагчийн мэдүүлэг,  албан журмын даатгалын гэрээний загварт ч даатгагчид өөрчлөлт оруулж мөрдсөн байна. Үндсэн зарим ажиллагаанд мөрдөх журам батлах эрх зүйн боломжгүй байна.

Жолоочийн даатгалын тухай хуульд заасан тодорхой ажлуудыг даатгагчид, зуучлагчид хэрэгжүүлэхгүй байна. Даатгалын компаниуд болон зуучлагчид тухайлбал Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар  зүйлийн 5.3-д заасан  мэрэгшсэн жолоочийг даатгалд бүрэн хамруулах ажил хийгээгүй, энэ нь мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.10 -д заасан нөхөн төлбөрийг бүрэн олгоогүй эсвэл хууль зөрчсөн  байх магадлалтай байна.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүйгээс даатгуулагч үнэлгээг өндөр тогтоолгох эрхийг хэрэгжүүлээгүй 6 жил өнгөрч байгаа зэргээс үзэхэд даатгагч, зуучлагч нарын үйл ажиллагаанд тавих хяналт сул байгаа нь зүй ёсоор анхаарал татаж байна. Дээрх жишээ баримтаас үзэхэд одоогийн бүтэц тогтолцоог өөрчлөх шаардлагатайг давхар нотлон харуулж байна.

7. Жолоочийн даатгалын тухай хуулийн зарим зүйл заалтыг цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж нэмэлт өөрчлөлт оруулахшаардлага байна. Цаашдаа жолоочийн даатгалыг хэрэгжүүлэх явцад бий болгосон хураамжийн дүнд багтааж АЖДХ болон даатгалын компаниудыг санхүүжүүлэх, нөөц сан үүсгэж энэ даатгалд хамрагдаж зам тээврийн осол гаргахгүй ажиллаж байгаа даатгуулагчдад энэ нөөц сангаас үйлчлэх арга замыг сонгох нь зүйтэй гэсэн саналтай байна.

8. Албан журмын даатгалын бүтээгдэхүүн 20-оор нэмэгдэх боломжийг ашиглахад санаачлага гаргаж ажиллах шаардлага байна.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах