Шинэ мэдээ:

Даатгалын зах зээлд мөрдөж буй зарим журам, заавар, стандартыг шинэчлэн баталж, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өсгөв

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шинээр мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуулиудтай уялдуулах шаардлагын дагуу Хороо банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдүүлж буй журам, дүрмүүдээ шинэчлэх ажлыг хийж байна. Үүний хүрээнд “Сайн дурын даатгалын хэлбэр”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын мэдүүлгийн маягт, гэрээний стандарт, загвар” болон “Даатгагчийн болон даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохистой явуулах ёс зүйн журам”, “Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам”, “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”, “Жолоочийн даатгалын сангийн данс байршуулах, санхүүжилтийг төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах журам”-ыг тус тус шинэчлэн баталлаа.

 

Сайн дурын даатгалын хэлбэрүүдээс факультатив хувь тэнцүүлсэн оролцооны давхар даатгал, гэрээт хувь тэнцүүлсэн оролцооны даатгалын төрлүүдийг хасаж, орон сууцны ипотекийн зээлийн даатгалыг холбогдох хэлбэрүүдийн агуулгад нэмлээ. Даатгалын тухай болон Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу “өргөдөл гаргагч, түүний эрх бүхий албан тушаалтан, өргөдөл гаргагчийн энгийн хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийг дангаараа буюу бусад этгээдтэй хамтран эзэмшдэг этгээд”-ийн тохиромжтой эсэхийг тодорхойлох, тэдгээрт байнгын хяналт тавихад хэрэглэгддэг “Тохиромжтой этгээдийг тодорхойлох заавар”-т, бизнесийн болон ёс зүйн нэр хүндтэй байх, мэдлэг, туршлага, ур чадвар хангалттай байх, санхүүгийн байдал хэвийн байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх гэсэн үндсэн шалгууруудыг тусгав. Харин даатгалын мэдүүлгийн маягтыг МИИС програмын стандарттай нийцүүлж, гэрээний стандарт, загварт даатгуулагчдад тайлбар, таниулга хийх болон даатгуулагчийн эрх, үүргийн зарим заалтыг нэмж, гэрээний эхлэх, дуусах хугацааг цаг хормоор нарийвчиллаа.

Дээр нэр дурдсан журмуудыг Захиргааны ерөнхий хууль болон Зөрчлийн хуульд нийцүүлж, давхардлыг арилгаснаас гадна “Жолоочийн даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр хэрэглэх журам”-д Хорооны 2012 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-ыг нэгтгэв. Дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн жолоочийн даатгалын хураамжид зарим итгэлцүүрүүд тооцогддоггүй байсныг өөрчилж 9 итгэлцүүрээр бүрэн тооцохоор болголоо. Мөн И2итгэлцүүрийг даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоогоор өсгөж, бууруулж тооцдог байсныг Жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээнээс хамаарах болгож өөрчиллөө.

Түүнчлэн хуралдаанаар, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, 23.0 тэрбум төгрөг болгон, нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлд бүртгэлээ. Тус биржийн хувьцаа эзэмшигчийн эрх үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн яам ажилладаг бөгөөд 2017 онд улсын төсвөөс дээрх хэмжээний санхүүжилт олгосныг ийнхүү хувь нийлүүлсэн хөрөнгөд нэмж тусгав.

“Гэрэгэ менежмент” ХХК-д хөрөнгө оруулалтын менежментийн, “Ингүмэл финанс” ХХК, “Юу Би актив” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн, “Хост рок” ХХК-д даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр олгож, нэр бүхий 13 ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг тус бүр гурван жилээр сунган, “Таванбогд финанс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээлээ.

Харин “Хөгжих капитал ББСБ”, “Шинэхэн инвест ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн, “Лэндс” ХХК-ийн даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Алтан зөгийн үүр”, “Дөргөн хөгжил” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах