Д.ЦЭВЭЭНЖАВ: БУСДЫГ ҮЙМҮҮЛСЭН БУСАРМАГ АРГААР ХОЛ ЯВАХГҮЙ

     УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очирт Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ын дарга Б.Өлзийбаяр, Монголын даатгалын зуучлагчдын холбооны Ерөнхийлөгч Ц.Төрболд, Монголын Даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Ж.Батжаргал, Монголын хохирол үнэлгээчдийн холбооны Гүцэтгэх захирал М.Бизаагундаа нарын гарын үсэгтэй "Санхүүгийн зохицуулах хорооны даргад хариуцлага тооцох тухай" албан бичиг өнгөрсөн нэгдүгээр сард ирсэн.  Үүний дагуу УИХ-ын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөр ахлуулсан ажлын хэсэг гаргаж, СЗХ-д шалгалт хийж байгаа юм. 

Үүнтэй холбогдуулан Албан Журмын даатгагчдын холбооны Гүйцэтгэх захирал Д.Цэвээнжавтай  ярилцлаа.

Хэлэлцүүлэг тун үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа. Жолоочийн хариуцлагын даатгалд 600 гаруй мянган  жолооч хамрагддаг. Эдгээр хүмүүсийн цаана гэр бүлийн 3 гишүүн байгаа гэж үзэхэд Монголын нийт хүн амын 90 шахам хувь нь энэ даатгалд хамрагддаг гэсэн үг. Энэ утгаараа даатгалын гол оролцогч даатгуулагч маань бидний ярилцлагуудыг уншиж, сонсож ойлгож хандсан. Энэ нь дараа дараагийн нэвтрүүлгүүдэд оролцох үед даатгуулагчдын идэвхээс харагдаж байлаа. Даатгуулагчид нилээд мэргэжлийн түвшинд асуулт тавьдаг болсон байна.

Нөгөө талдаа даатгуулагчдын эрх ашгийн хамгаалах асуудал хаана хаанаа анхаарлын төвд орж эхэлсэн.

Тухайлбал, Хэлэлцүүлгийн үеэр манай холбооны УЗ-ын бүрэлдэхүүнд даатгуулагчийн төлөөлөл байхгүй байгаа гэсэн асуудлыг хөндөж байсан. Харин одоо манай холбооны УЗ-д даатгуулагчдын төлөөллийг оролцуулахаар болж байх жишээтэй. Автотээврийн үйлчилгээний чиглэлд ажилладаг төрөлжсөн холбоод болон хувь хүмүүс бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа ихээр илэрхийлж байна.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ҮЕД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИАР ОСОЛ ГАРГАСАН ЖОЛООЧИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖ, ЖОЛООЧИЙН ОНООНООС 5 ОНОО ХАСДАГ АСУУДАЛ ХАМГИЙН ИХ ХӨНДӨГДӨЖ БАЙСАН. ЭНЭ АСУУДАЛ ХЭРХЭН ШИЙДЭГДЭЖ БАЙНА ВЭ?

Энэ асуудлыг УИХ-ын гишүүд,  ХЗДХ-ийн яам анхааралдаа авсан байна лээ.  Жишээ нь, Ж.Батзандан нарын гишүүд энэ заалтыг авч үзэх нь зүйтэй гэж үзээд, өөрчлөхөөр ажиллаж байна гэсэн мэдээлэл тарсан. Мөн ХЗДХ-ийн яам ч мөн Зөрчлийн хуулийг эргэж харж, хууль дээр ажиллаж байгаа юм байна лээ. Ойрын үед хуулийн төслийг өөрчлөлтийн УИХ-д өргөн барих  байх. Энэ өөрчлөлтөд зам тээврийн зөрчилд хэрхэн хандах  түүнтэй холбоотой асуудлууд шийдэгдэх нь гэж харж байгаа.

ТАНАЙ ХОЛБОО ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ДААТГАЛТАЙ ХОЛБООТОЙ ЯГ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛТАЙ БАЙГАА ВЭ?

Бид Зам тээврийн осол гаргасан тохиолдлуудыг нийгэмд учруулсан хохиролтой нь уялдуулж ялгавартай авч үзье гэж байгаа юм. Хүний эрүүл мэнд, амь нас хохироогүй, осолд оролцогч жолооч нар хоорондоо маргаангүй байгаа нөхцөлд замын цагдааг оролцуулахгүй, даатгалын нөхөн төлбөрийг олгодог байх нь зүйтэй гэсэн саналтай байгаа.

Гэхдээ тухайн ослын мэдээллийг замын цагдаагийн албаны мэдээллийн санд орж, хариуцлагын даатгалын итгэлцүүрт орж тооцогдох ёстой гэдэг нь орхигдохгүй шүү дээ.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ШАЛГАЛТ ХИЙХ АЖЛЫН ХЭСЭГ УИХ-ААС ГАРЧ, 10 ХОНОГИЙН ШАЛГАЛТ ЭХЛЭЭД ЯВЖ БАЙНА. ЭНЭ НЬ ДААТГАЛЫН ЧИГЛЭЛИЙН ДӨРВӨН ТББ-ААС ТАВЬСАН ХҮСЭЛТИЙН ДАГУУ ХИЙЖ БАЙГАА ШАЛГАЛТ ЮМ БАЙНА ЛЭЭ. ТАНАЙ ХОЛБОО ХАРИН ЭНД НЭГДЭЭГҮЙ БАЙСАН. АЖДХ ҮҮНИЙГ ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ГЭСЭН ҮГ ҮҮ?

Зарим нэг холбоодын гүйцэтгэх удирдлагын гомдлын шинжтэй асуудлыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд тавьсан байна лээ. Бид анхааралтай ажиглаж байна. Энэ гомдол нь хэр үндэслэлтэйг нягталж үзэхгүйгээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр тарж байна. Ажиглалтаас харахад тухайн тавьж байгаа асуудал нь цэвэр хувь хүмүүсийн байр суурь байна гэж бид харж байна. Тухайлбал, сургалтын үйл ажиллагаа явуулж орлого олж байсан ТББ-ын үйл ажиллагааг СЗХ хянах болсон. Ингэснээр тэдний сургалтаас олох орлого багассантай холбоотойгоор дургүйцэл, бухимдлаа ийн илэрхийлж байгаа бололтой. Мөн Санхүүгийн Зохицуулах хороог удирдаж байгаа С.Даваасүрэн дарга руу хандан дайрч байгаа хандлагыг АЖД-ын холбооны гүйцэтгэх захирлын хувьд санал нийлэхгүй байгаа.

Уг зүй нь мэргэжлийн холбоодууд аль болохоор мэргэжлийн талаас тухайн салбар, байгууллагуудыг хөгжүүлэхийн тулд юу хийх вэ? гэдгийг хөндөж ярьдаг байх ёстой. Гэтэл тэдний гаргаж буй санал нь хувийн байр суурьнаас, хувь хүн рүү хэт хандсан байр суурь илэрхийлж байгаа нь зохисгүй юм. Ер нь энэ хүмүүс төрийн ажлын ёс зүй, зарчмыг мэдэхгүй байна л даа.

Харин энэ салбарын хөгжлийн асуудлын хүрээнд арга зүйгээ ололцох, ойлголцох гэж ярьж байвал бид дэмжиж болно.

ХУВИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ ХАНДАЖ БАЙНА ГЭДГЭЭ ТА ТОДРУУЛААЧ?

Санхүүгийн Зохицуулах хороог мэргэжилтэй, чадвартай хүмүүс удирдаж ирсэн. Ялангуяа С.Даваасүрэнгийн хувьд нилээд мэргэшсэн, академик боловсролтой хүн. С.Даваасүрэн даргаар томилогдсоноосоо хойш энэ салбарыг шинэ байр суурьнаас өөр өнцгөөс олж харж, өмнөх доголдол, дутагдлыг засах талаасаа  нь хандаж байгаа.

Нөгөө талаасаа боловсон хүчнийг чадваржуулах тал дээр өндөр шаардлага тавьж байгаа. Энэ байдалд нь дургүйцсэн хүмүүсийн сөрөг саналууд хуримтлагдаж илэрч байх шиг байна. Үүнээс үүдээд энэ бүхнийг салбарын байр суурь гэж харах эсвэл салбарын ажил доголдож байгаа мэтээр дүгнэлт хийж, ярьж байна.Үүнтэй манай холбоо санал нийлэхгүй байгаа юм.

ТЭГЭХЭЭР ТА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ ҮЗЭЖ БАЙГАА ЮМ БАЙНА. ТИЙМ ҮҮ?

Сүүлийн хоёр жилийн байдлаар авч үзэхэд даатгалын компаниудын засаглал, санхүүгийн төлөвлөлтүүд өмнөх жилүүдээс сэргэсэн байгаа.Хэдэн тоо хэлье л дээ. Нийт хураамжийн орлогын хэмжээ 2017 онд өмнөх оныхоос 26.1 хувиар, даатгуулагчдад олгосон нөхөн төлбөрийн хэмжээ 31.9 хувиар өссөн. Даатгалын салбарын хувьд гол зүйл болох даатгалын сангийн нөөцийн асуудал байдаг.

Энэ  нөөц сан 2017 онд өмнөх оныхоос 26.9 хувиар өссөн.Энэ гурван тоо бол яах аргагүй л СХЗ-ны үйл ажиллагааны чанарын гол үзүүлэлтүүд юм. Чанарын гол үзүүлэлтүүд ингэж сайжирч, салбар маань өсөж байна. Бид ийм жижиг асуудал ярихын оронд харин салбарын хэмжээнд цаашид анхаарах асуудлуудаа ажил хэрэгчээр тавьж, төрийн дэмжлэгийг авахад анхаарч ажиллах ёстой биш гэж үү.

ЕР НЬ САЛБАРЫН МЭРГЭЖЛИЙН ХОЛБООД ХЭРХЭН АЖИЛЛАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Мэргэжлийнхээ холбоодод зөвлөж хэлэхэд, бид асуудлаа дотроо бас ний нуугүй ярьж сурах хэрэгтэй. Хамтраад санал бодлоо дэвшүүлж, оновчтой гарцыг нь олж тодорхойлж, хэрхэн сайжруулах гарцаа ярилцаж байх нь зохистой. Ингэж асуудалд өнгөцхөн, хувийн ааш, авираар ажил хэрэгч бусаар хандах нь  ажил сайжруулдаг арга барил биш л дээ. Цаашид энэ байдлаар асуудалд битгий хандаач гэж мэргэжлийн нөхөддөө уриалмаар байна.

ДААТГАЛЫН САЛБАРЫНХАН ДОТРОО ХАГАРАЛТАЙ, САЛЛБАРЫГ УДИРДАЖ БАЙГАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОХ СЗХ ХАНГАЛТТАЙ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МЭТ Л ДҮР ТӨРХИЙГ ЭНЭ ХҮМҮҮСИЙН ГОМДЛООС ХАРАГДААД БАЙНА ШҮҮ ДЭЭ?

Энэ хүмүүсийн ярьж байгаа зүйл, олон нийтийн сүлжээгээр тарааж байгаа мэдээллээс иргэд СЗХ болон түүний удирдлагатай холбоотой буруу, зөрүү ойлголттой болж л байгаа байх. Шууд хэлэхэд,  энэ дөрвөн хүн энэ салбарыг төлөөлдөг хүмүүс биш, энэ салбарын мэргэжлийн түвшинд үнэлэгдэх ч хүмүүс нь биш. Энэ хүмүүсийн ярьснаар энэ салбарын өнгө төрхийг ойлгож болохгүй гэдгийг олон нийт ойлгоно байх гэдэгт эргэлзэхгүй байна.

ТА МОНГОЛЫН ТӨРД ОЛОН ЖИЛ АЖИЛЛАСАН ТУРШЛАГАТАЙ ХҮНИЙ ХУВЬД ЭНЭ ХҮМҮҮСТ ЮУ ГЭЖ ХЭЛМЭЭР БАЙНА?          

Аливаа асуудалд үе шаттай санал бодлоо дэвшүүлдэг төрийн ажлын ёс жаяг гэж бий. Монголын төр бол хэн нэг хувь хүний атгаг санааг хэрэгжүүлэгч биш, харин нийт ард түмнийхээ эрх ашгийг тэргүүнд тавьж ажилладаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Ингэхгүйгээр зүгээр хувь хүмүүсийн ярьсан хэлсэн асуудалд ач холбогдол өгч хандаад явах юм бол “инээдэмтэй” харагдана.Ний нуугүй хэлэхэд СЗХ-ны ажил хэргийн хүрээнд багтаж байгаа бусад олон салбарууд болон улсын хэмжээний том салбаруудаасаа ичих хэрэгтэй шүү дээ. Бусад салбарууд сайд, дарга нартайгаа өрсөлдөөд өнгөлзөөд байна уу гэдгийг харах хэрэгтэй.

Мэргэжлийн холбоод ийм үйлдэл гаргаж байгааг амьдралдаа анх удаа харж байна. Би Монголын төрд 36 жил ажиллаж байна. Нөгөө талаасаа эдгээр дөрвөн хүний байр суурийг тус бүрийн холбоодын  ерөнхийлөгч нарын, Удирдах Зөвлөлийн бодит байр суурь мөн үү гэдэг бол тун эргэлзээтэй. Би бол үүнийг нийт даатгалын салбар, нийт зуучлагчдын эсвэл нийт хохирол үнээлгээчдийн  байр суурь гэж ОГТ ойлгохгүй байна. Тэгэхээр дөрөвхөн хүний саналаар нийт санхүүгийн зохицуулалтын байгууллагын хэмжээний асуудал байгаа мэтээр ярьж, өөрсдийгөө хэт дөвийлгөж авч  үзэж байгаа хүмүүсийг болиоч ээ гэж хэлмээр байна. Ийм хүмүүс байгаа нь  салбарын чинь ажил урагшлахгүй байх магадлалтай.

МЭДЭЭЖ УИХ-ЫН АЖЛЫН ХЭСЭГ ДҮГНЭЛТЭЭ ГАРГАХ БАЙХ?

Мэдээж шалгаж байгаа юм хойно дүгнэлт гарна байх. Дүгнэлт гарахдаа огт алдаагүй, бүх зүйл сайхан гарах байх гэж бодохгүй байна. Ажил хийж байгаа бол бүх хүний санаанд тааруулж ажиллах гэж юу байхав. Алдаа дутагдал байна гэвэл засаад явах нь сайн удирдагчийн шинж гэдэг биз дээ. Шалгалтын үр дүнгээс УИХ-ын ажлын хэсэг, байнгын хорооноос тодорхой зөвлөмж өгөх байх. Тэр зөвлөмжийн мөрөөр шуурхай ажиллах ёстой. Ингэж санхүүгийн зохицуулалтын систем нилээн хөдлөх хэрэгтэй. УИХ-аас ач холбогдол өгч ингэж шалгаж байгаа бол бид бас ач холбогдол өгч үүний мөрөөр тодорхой үр дүн гаргах ёстой.

ДААТГАЛЫН САЛБАР ӨӨРӨӨ МӨНГӨ ИХТЭЙ САЛБАР БАЙНА. ТИЙМЭЭС ЭРХ АШИГ, МАРГААН ИХ БАЙХ ШИГ БАЙНА. ТЭД БИЕ ДААСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХАД ХАНГАЛТТАЙ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТТАЙ БАЙНА УУ?

Даатгалын салбар ч бай, хохирол үнэлгээ эсвэл зуучлагчид ч бай аль аль нь цаанаа дандаа хүнтэй харьцаж, тэдгээр хүмүүсийн эрсдэлийг хамгаалах зорилгоор мөнгө төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Дандаа мөнгөтэй харьцаж байдаг байгууллагууд шүү дээ.

Тэгэхээр мэдээж мөнгө, хөрөнгө байлгүй яахав. Энэ  үйл ажиллагаа нь хяналтгүй, дур дураараа байсан байж магадгүй. Үүнийг харин С.Даваасүрэн гэдэг хүн дарга болоод олж хараад, арай хяналттай болгох, зохицуулалттай болгох шаардлага тавьж эхэлсэн. Энэ нь нөгөө талын хүмүүсийн хүсэл зоригийг хөнддөг байх.

Ер нь аливаа хүний үйл ажиллагаа хяналтад, зохицуулалттай байх, дээрээс хянадаг шалгадаг хүнтэй байх их чухал шүү дээ. Дураараа чөлөөтэй байсан хүмүүс жаахан “атгаад” ирэхээр дургүйцэж байх шиг байна. Тэр сургалтыг нь чанартай болгохын тулд шаардлага хангасан хөтөлбөртэй, заах мэргэшсэн багштай байхыг Хороо шаардаж байгаа нь яахаараа буруу байдаг юм бэ. СЗХ-ны дарга болох гэж тэмүүлж, бусдыг үймүүлж явахын оронд хүн бүхэн хариуцсан ажилдаа эзэн болж чанартай хийхэд анхаарвал зохино. 

ЯРИЛЦСАН

Vip76.mn О.Батзаяа This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.


 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах