Шинэ мэдээ:

ДААТГАЛГҮЙ ЭТГЭЭД ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛСАН БОЛ 10 000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

 

Засгийн газраас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2016 оны 12 дугаар сарын 28-нд өргөн барьсантай холбогдуулан УИХ уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Уг хуулийн төсөлд өмнө нь 240 орчим хуульд заасан хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг нэг дор нэгтгэсэн.

 

Зөрчлийн тухай хуулийн төслийн 11, 15 дахь зүйлд Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай дурджээ. Жолоочийн даатгалын тухай хууль нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах зорилготойгоор анх 2011 онд гарч байсан юм.

  • Хуулийн төсөлд торгуулийг "нэгж"-ээр хэмжиж, 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэнэ гэж заасан учраас ойлгоход хялбар байх үүднээс нэгжийг нь төгрөгт хөрвүүлж бичлээ. 1 нэгжтэй тэнцэх дүн өөрчлөгдвөл торгуулийн хэмжээ дагаж өөрчлөгдөх юм.

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГООГҮЙ ДААТГАЛЫН КОМПАНИЙГ 500 000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

- Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч өргөдөл гаргаснаас хойш гурав хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүргээ биелүүлээгүй бол хүнийг 50 000 төг, хуулийн этгээдийг 500 000 төгрөгөөр торгоно.

- Хуульд заасан нөхцөл, журам, хугацаанд нийцүүлэн нөхөн төлбөр олгоогүй бол хүнийг 300 000 төг, хуулийн этгээдийг 3 000 000 төгрөгөөр торгоно.

- Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авалгүйгээр даатгалын гэрээг шилжүүлсэн, эсхүл үйл ажиллагаагаа нэгтгэсэн бол хүнийг 50 000 төг, хуулийн этгээдийг 500 000 төгрөгөөр торгоно.

- Зөвшөөрөлгүйгээр жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг 300 000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 3 000 000 төгрөгөөр торгоно.

- Жолоочийн даатгалын санд хөрөнгө төвлөрүүлэх үүргээ биелүүлэлгүй жолоочийн даатгалын үйл ажиллагаа эрхэлсэн бол хүнийг 50 000 төг, хуулийн этгээдийг 500 000 төгрөгөөр торгоно.

ДААТГАЛД ХАМРАГДААГҮЙ АВТОБУСНЫ ЖОЛООЧ, КОМПАНИЙГ ТОРГОНО

- Даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийн өмчлөгч тээврийн хэрэгслээ ашиглан замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулаагүй бол хүнийг 10 000 төг, хуулийн этгээдийг 100 000 төгрөгөөр торгоно.

- Жолоочийн даатгалын тухай хуулийг зөрчсөн, эсхүл хуульд заасан үүргээ биелүүлээгүй, тээврийн хэрэгслийн өмчлөгчийн тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулсан, эсхүл улсын бүртгэлд бүртгэсэн бол хүнийг 25 000 төгрөгөөр торгоно.

- Тээврийн хэрэгслийн өмчлөгч, тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч, “С”, “0” ангиллын тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй жолооч жолоочийн даатгалд заавал хамрагдах үүргээ биелүүлээгүй, эсхүл даатгалтай холбоотой бусад журам зөрчсөн бол хүнийг 50 000 төг, хуулийн этгээдийг 500 000 төгрөгөөр торгоно.

- Даатгалын тохиолдол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн шаардсан хугацаанд гаргаж өгөөгүй бол хүнийг 25 000 төгрөгөөр торгоно. 

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖ БОЛОХГҮЙ

Жолоочийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасан зориулалт бусаар ашигласан бол хүнийг 500 000 төг, хуулийн этгээдийг 5 000 000 төгрөгөөр торгоно.

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө - 17, Гэрэгэ тауэр 12 давхар

Утас: 70101177, 70121177, 70001040, 70001277

Факс: 70001040

Онлайн туслах